Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээг эрт илрүүлэх, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулах, цаашдын эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлийг тодорхойлох зорилгоор Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан иж бүрэн үзлэг, оношилгоог зохион байгууллаа.
Хасуур сангийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү үйл ажиллагаанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 14 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудаас бүрдсэн 26 хүний баг ажиллаж, нийт 90 хүүхдэд 306 удаагийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийв.
Үзлэгийн үеэр хүүхдүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, шаардлагатай шинжилгээ, оношилгоог хийснээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн зөвлөгөө өгч, хүүхэд бүрийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийлээ. Мөн нэмэлт эмчилгээ, хяналт, сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийг холбогдох мэргэжлийн тусламж үйлчилгээнд чиглүүлсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс энэхүү үзлэг нь эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Түүнчлэн үзлэгийн үр дүнд хүүхдүүдийн эрүүл мэндийн бодит хэрэгцээг тодорхойлж, цаашид үзүүлэх эмчилгээ, сэргээн засах болон хяналтын тусламж үйлчилгээний төлөвлөлтийг сайжруулах нөхцөл бүрдсэн юм.
Хүүхэд бүрийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үйлсэд хувь нэмэр оруулсан Хасуур сангийн хамт олон болон үзлэгт ажилласан эмч, мэргэжилтнүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон талархал илэрхийлж байна
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн хэрэгцээг эрт илрүүлэх иж бүрэн үзлэг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.