Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Идэрбатын ахалсан шуурхай ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Баян-Өлгий аймгийн онцгой комиссын хуралдаанд оролцлоо.
Шуурхай ажлын хэсэгт Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нар багтаж байгаа юм.
Онцгой комиссын хуралдаанд мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен оролцов.
Баян-Өлгий аймгийн хувьд SAT-1 хэвшлийн шүлхий Алтай суманд анх илэрч, голомт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Алтай, Дэлүүн сумдад хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Өлгий сумын 3 дугаар баг, Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн дэглэмийг аймгийн Засаг даргын 2026 оны А/516 дугаар захирамжаар бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн бөгөөд урьдчилан сэргийлэх болон хяналт, тандалтын арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.
Мөн Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Ганц мод гэх газарт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн №26-3291 шинжилгээний дүнгээр шүлхий өвчний SAT-1 хэвшил болох нь батлагдсан.
Үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын А/73 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, сумын хэмжээнд 12 хяналтын пост ажиллуулан хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.
Өнөөдрийн байдлаар Алтай суманд 3, Дэлүүн сумын 2 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа. Хоёр голомтод 761 мал өвчилж, нийт 1245 малыг устгалд оруулсан талаар аймгийн Онцгой комиссын дарга мэдээллээ.
Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тархалтын эрсдэлийг бууруулах зорилгоор Өлгий-Толбо-Ховд чиглэлд байнгын хяналтын цэг байгуулан ажиллуулж байна.
Тус хяналтын цэгээр өвчний голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсээс хүн, мал, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх, хөдөлгөөнд хяналт тавих, эрүүл бүс рүү зорчих хүн, тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйтгэл хийсний үндсэн нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Аймгийн Засаг даргын захирамжаар Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон. Бусад сумдын хувьд хэрэгцээний зориулалтаар шилжүүлэх малд тархвар зүйн үнэлгээ, эрсдэлийн судалгаанд үндэслэн аймаг дотор мөрдөх гарал үүслийн гэрчилгээг олгон хяналттайгаар шилжилт хөдөлгөөнийг зохицуулж байна.
Хорио цээр, хариу арга хэмжээнд 522 төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байгаагаас 49 хяналтын постонд 139 албан хаагч ажиллаж байна.
Сайд Ц.Идэрбат шүлхийн хорио цээрийн дэглэмийг мөрдүүлж, хариу арга хэмжээг шуурхай авч ажилласан Баян-Өлгий аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллага, төрийн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдад талархал илэрхийлэв.
Урин дулааны улиралд аялал, зугаалгаар явах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг, мөн наадам дөхөж байгаа энэ үед иргэд дор бүрнээ хичээж, онцгой комиссын тавьж байгаа шаардлагыг биелүүлж, хариуцлагатай байх нь чухал.
Хорио цээрийн нөхцөл байдал үргэлжилж, удааширвал хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж, эдийн засаг, эрүүл мэндийн олон эрсдэл үүснэ гэдгийг онцоллоо.
Мөн шүлхийг иргэд өөрсдөө ахуйн нөхцөлд уусмалаар зайлах зэргээр хялбар аргаар эмчилдэг гэх мэтээр буруу, ташаа мэдээлэл түгээж, олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа нь өвчний голомт болон хязгаарлалтын бүсэд хариу арга хэмжээ авч ажиллаж буй онцгой комиссын гишүүд, мэргэжлийн болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэл үүсгэж байгааг сайд мөн цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн салбарын сайдын хувьд хөл хорионы дэглэм, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж буй төрийн албан хаагчдын томилолтын зардал болон устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг нэн даруй шийдэх талаар УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг тавьж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Баян-Өлгий аймгийн онцгой комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас нэн яаралтай арга хэмжээнд зарцуулах 50 сая төгрөгийг шийдэж байгааг сайд Ц.Идэрбат мэдэгдсэн. Мөн Улсын онцгой комисс болон Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээрийн дэглэм, хариу арга хэмжээнд шаардагдах тусгай хувцас, хэрэглэл, ариутгалын бодисыг Баян-Өлгий аймгийн онцгой комисст олгохоор боллоо.

| Баян-өлгий аймгийн онцгой комисст үйл ажиллагааны зардал, ариутгалын бодис яаралтай нэмж олгоно | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.