Япон Улсын парламент 2026 оны тавдугаар сарын 29-нд гадаадын иргэдийн виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зарим хураамжийг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг баталжээ.
“Жапан Таймс”-ийн мэдээлснээр, уг хуулийн өөрчлөлтөөр гадаадын иргэдээс авах визтэй холбоотой хураамжийг одоогийн түвшнээс 30 хүртэл дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Шинэ зохицуулалтын дагуу хураамжийн эцсийн хэмжээг Засгийн газрын захирамжаар тогтооно. Одоогоор Япон Улсын нэг удаагийн визийн хураамж ойролцоогоор 3 мянган иен, хоёр болон олон удаагийн визийн хураамж 6 мянган иен, дамжин өнгөрөх визийн хураамж 700 иен байдаг.
Харин шинэ зохицуулалтын хүрээнд оршин суух статус өөрчлөх болон оршин суух хугацаа сунгах хүсэлтийн хураамжийн дээд хэмжээг 100 мянган иен, байнгын оршин суух хүсэлтийн хураамжийн дээд хэмжээг 300 мянган иен болгохоор тусгажээ.
Японы Засгийн газар уг өөрчлөлтийг тус улсад амьдарч буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэж, цагаачлалын удирдлага, захиргааны зардал өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Нэмэгдсэн орлогыг гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, оршин суухтай холбоотой төрийн үйлчилгээний зардлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Хураамжийн шинэ хэмжээ хэзээнээс мөрдөгдөх болон ангилал тус бүрийн эцсийн дүнг Засгийн газрын шийдвэрээр тогтоох юм.
| Япон Улс визтэй холбоотой хураамжаа нэмэгдүүлэх хууль баталжээ | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.