
Газар гэсч, нийслэлийн хөрсний бохирдол нүдэнд харагдахуйцаар ил гарч эхлэв. Нийслэлд хөрсний бохирдолд нэрвэгдээгүй газар тун цөөн. Бараг байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудсан болохгүй мэт санагдана. Учир нь Улаанбаатарын булан тохой бүрт хог, угаадас, ялгадас "үүрлэсэн" байдаг.
Энэ нь хөрсний бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйлс болсоор байна. Хашаандаа хаа дуртай газраа ил задгай жорлон, бохир усны нүх ухсан гэр хорооллын айлууд, замын хажуугаар хэдхэн метрийн зайтай өртөөлөн буусан машин угаалгын цэгүүд гээд Нийслэлийн хөрсний бохирдлыг үүсгэж буй газруудыг дурдвал урт жагсаалт гарч мэднэ. Хөдөөд хөхөө донгодож, усны шувуу гангар гунгар дуугарахад хавар болж байгааг мэддэг. Харин хотод цас ханзарч, хөрсний бохирдол нүдэнд харагдаж /шавар шавхай хэлбэрээр/, машин угаалгын цэгүүд ажиллаж, элдэв үнэр хамар цоргиход хавар болдог гэх хошигнол буй.
Улаанбаатарт агаарын бохирдлоос дутахааргүй анхаарал татахуйц нэг нэг асуудал нь хөрсний бохирдол. Хаврын улиралтай хамт айлчилдаг Улаанбаатарын "ууршилтын үе" эхэлчихээд байна. Ийм байдал үүсэх шалтгаан нь нийслэлийнхний суурин иргэншилд дасаагүй, ухамсар муутайгаас болдог уу, мөнгийг нь хурааж авчихаад хог ачдаггүй засаг захиргаатай нь холбоотой юу гэдгийг хэлэхэд бэрх. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг хоёуланд нь хамаатай байдаг байх. Ямартай ч Улаанбаатарт хог хаягдлаа хашаа, орцноосоо гаргав уу, үгүй хаячихдаг айл олон. Бие засах газрынхаа мөстдсөн хэсгийг цохиж, гудамжинд гаргаад асгах нь байдаг л хэвийн үзэгдэл болжээ. Бас болоогүй айлын хашааны булан, тохойд сэмхэн гэгч нь асгаж орхиод нүүр буруулсан байдаг гэх. Хотын хөрс бохирдож, үхжилд орчихоод байгааг мэргэжлийн хүмүүс нь гадарлахаас иргэд огт тоомжирлодоггүй. Гэвч энэ газар амьдарч буй бүх хүн бохирдсон агаараар амьсгалж буй нь лавтай юм. Хот суурин газрын хөрсийг бохирдуулагч нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгтэй үнс, шороон тоосонцор, хог хаягдал, бохир шингэн зүйлс байдаг аж.
Хэдэн жилийн өмнө Улаанбаатарын хөрсний бохирдол 95 хувь буюу нянгийн бохирдолтын хэмжээнд хүрсэн гэх судалгаа гарч байсан. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 10-16 дахин их байна гэсэн үг юм. Хөрсний болон агаарын бохирдолд хийсэн шалгалтын дүнгээр “Улаанбаатар хотод амьдарч байгаа гэр хорооллын айл өрхүүдийн 67 хувь нь стандартын шаардлага хангаагүй бие засах газартай, 34.5 хувь нь огт бие засах газаргүй, бохир усны цооноггүй байгаа нь тогтоогдож байжээ. Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалгын дундаж хэмжээ 49.92мг.кг/ буюу байх хэмжээнээсээ 2.4 дахин, цайрын дундаж агууламж 145.9мг.кг буюу 1.2 дахин их гарчээ” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ судалгаа гарснаас хойш нийслэлийн хөрсний бохирдлыг арилгах талаар дорвитой арга хэмжээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн гэхэд болно.
Хөрсний бохирдол нийслэлийнхний ундны усыг бохирдуулахгүй гэх баталгаа байхгүй. Угтаа бол хүн амьдарч л байгаа юм хойно хог гарах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь түүнийг байгаль орчин хийгээд хүний биед халгүйгээр цэвэрлэх, зайлуулах, халдваргүйжүүлэх, устгах зэрэг технологид анхаарах хэрэгтэй байгаа юм. Манай засаг захиргааны байгууллагууд аль ч шатандаа агаарын бохирдлыг багасгах тухай амаа чилтэл ярьдаг мөртлөө хөрсний бохирдлыг орхигдуулаад байдаг гэмтэй. Уг нь эдгээр асуудлууд нэг зоосны хоёр тал шиг яригдах учиртай баймаар. Гэхдээ нийслэлийн иргэн та өөрийгөө төлөөлөн суугаа НИХТ, цаашлаад Улаанбаатараас УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж, хөрсний бохирдлыг арилгуулж болно. Тэд иргэн таныг төлөөлж л байгаа бол энэ асуудлыг шийдэх ёстой. Харин та шаардах эрхтэй. Уг нь иргэдийн төлөөлөл болон сонгогдсон хүн хэн нэгнээр хэлүүлэлтгүй үүргээ ухамсарлаад тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэдэг байх учиртай. Харамсалтай нь өнөө цагт хөрсний бохирдолтыг арилгах талаар ам нээх сонирхолтой хүн алга.
Ургамал ч тоож ургахгүй болтлоо өгөршиж, үхэжсэн хөрсөн дээр хүүхдүүд тоглож, элдэв халдварт өвчин тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Цаг хугацаа хурдан шүү дээ. Нэг л мэдэхэд борооны улирал эхэлнэ. Энэ зун өмнөх жилүүдийнх шиг уруйн үер буухгүй гэх баталгаа бас л байхгүй. Тиймээс нийслэлийн хөрсний бохирдлыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Одоо биднээс Улаанбаатарын “ууршилт”-ыг тэсч гарах тэвчээр шаардаж эхлээд байна. Дулааны улирал дөнгөж эхэлж байна гэж бодохоор хэдий хүртэл тэвчээр заахыг хэлж мэдэхгүй нь.
Улаанбаатарын “ууршилт”-ыг тэсч гарах тэвчээр хэрэгтэй | ||
Үзсэн: 3708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.