
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсөөс сэтгүүлч дараах асуултыг асуухад тэрбээр ийнхүү хариулжээ.
-Сүүлд болсон нэг барилдаанд та дунд шөвөгт үлдээд байхдаа Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвыг амлан авч хаясан шүү дээ. Даагаа нэхсэн хэрэг үү?
-Би тамирчин хүн. Өөрийгөө мэдрүүлье гэж бодсон юм. Маргааш нь Р.Пүрэвдагва утсаар залгаж “Бид залуу хүмүүс. Хар хоргүй явцгаая. Тухайн үед хөгшин чинь амжилт гаргах гээд л улайрчихсан явсан үе. Одоо ийм байдлаар хоёулаа яваад яах вэ” гэсэн. Би ч “Бид олон жил цугтаа сайхан барилдана аа. Би юу санах вэ дээ” гэдгээ хэлсэн. Ер нь бол энэ барилдааны гол буруутан бөхийн удирдах хүмүүс, шүүсэн цэцийн хэдэн хүн шүү дээ. Бөхчүүдийг ч, ард түмэн, үзэгч олныг ч талцуулсан. Бөх хүн бүр давахыг зорьдог. Р.Пүрэвдагва тэгж л зүтгэсэн. Улайм цайм ийм луйвар ахиад давтагдах ёсгүй. Бүтэн сарын турш би гүн шооконд байсан. Эцэстээ наадам нэгээр дуусахгүй гээд өөрийгөө хурцалсан даа. Бөхийн барилдаан бол нэг талаар тулааны спортын мөн чанартай. Дэвжээн дээр ёстой л унах хүртлээ яс “тулалдана”. Амьдрал дээр манай ч, бусад бөхийн галынхан их дотно шүү дээ. Нөгөө МҮБХ-ны хэдэн хүний ярьдаг шиг дайснууд биш ээ. Сайхан найзууд шүү. Санжаадамба аварга байхгүй бол би байхгүй гэсэн үг. Ийм байдлаар л бие биеэ хүндэлж явдаг. Хааяа уулзаж наргиж цэнгэнэ. Ийш тийш цугтаа барилдаанд явна. Алдаа дутагдлаа хоорондоо ярьцгаана. Бие биеэ ч ирлэнэ. Нэгэн үеийнхэн чинь бие биеэ хайрлаж явахгүй бол яаж урагш гишгэх вэ. Архангайн ч, Ховдын ч, Булганы ч, Хэнтийн ч юм уу хэн нэг нь байхгүй бол бидний барилдаан давсгүй хоол шиг амт нь сулраад л ирдэг. Хоёр Мөнх аваргыг олон жил хоорондоо муу, өстөн мэтээр ярьж ирсэн. Буурал аваргын дэргэд олон жил цуг байхад нэг ч удаа Мөөеө аваргыг муу муухайгаар дуудаж байхыг сонссонгүй. Би тоглоомоор “Дэргэд нь очоод суучихаач дээ” гэхэд буурал аварга маань “Одоо ч миний үгийг ойлгохоо больж дээ, Мөөеө минь” гэдэг. Тэр хоёр бие биеэ хачин их үгүйлдгийг олонтаа харж явлаа, сонсож байлаа. Бид ч гэсэн их аваргуудынхаа насан дээр очвол “Санжаа минь, Пүрэвдагва минь” гэж таарна шүү дээ. Өрсөлдөөн бол цаг зуурынх. Нөхөрлөл бол насан туршийнх.
П.Бүрэнтөгс: Өрсөлдөөн цаг зуурынх бол нөхөрлөл насан туршийнх | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.