Шууд Chart

Энэтхэгийн тариаланчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна

2020-12-05 10:40:06

Энэтхэгийн тариаланчид засгийн газрынхаа эсрэг жагсаал хийж байна. Тэд өнгөрсөн 9 дүгээр сард батлагдсан газар тариалангийн салбартай холбоотой шинэ хуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.

Тэдний энэхүү жагсаал, цуглаанаас үүдэн хурдны замууд хаагдахад хүрчээ. Зарим тариаланч чиргүүлтэй машин дээр хоол хүнсээ  ачин иржээ. Үүнээс ч үүдэж ерөнхий сайд Нарендра Модегийн засгийн газрын эсрэг жагсаал нэлээд хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй байна.  Өнгөрсөн 9 дүгээр сард батлагдсан хууль тариаланчдаас  үр тариаг худалдан авах үнийн доод хязгаарыг арилгасан юм.

Үүнээс гадна шинэ хууль газар тариалангийн томоохон корпорац, компаниудад давуу талыг олгож  бүтээгдэхүүний үнэ буурах, хувиараа газар тариалан эрхлэгчид яваандаа  тариан талбай, газраа ч алдахад хүрч магадгүй гэж жагсагчид үзэж байна. Энэтхэгийн нийт хүн амын бараг 60 хувь нь газар тариалангийн салбартай уялдаатай ажил хийж, амьдарлаа залгуулдаг байна.

Тиймээс ч тариаланчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжих иргэдийн тоо ч нэмэгдэж байгааг олон улсын зарим хэвлэлд онцолжээ. Шинэ хууль аль хэдийн хүнд нөхцөлд ажиллаж, бизнесээ явуулж буй тариаланчдад нэмэлт дарамт, шахалт болж байгааг ийнхүү эсэргүүцэж байна. Харин засгийн газар шинэ хууль газар тариалангийн салбарт үгүйлэгдэж буй өөрчлөн, шинэчлэлтийг бий болгох, мөн  хувийн хөрөнгө оруулалтаар бүтээмжээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ илүү чөлөөт зах зээлийн зарчмаар худалдаалах боломжийг тариаланчдад  олгож байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн тариаланчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна   
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй