Индонезийн Нийгмийн хамгааллын сайд Жулиари Батубараг цар тахлын үед иргэдэд хүнсний тусламж олгох хөтөлбөр хэрэгжүүлэхдээ авилга авсан хэрэгт сэжиглэж, түүнд авилгын хэрэг үүсгэжээ. Түүнийг засгийн газартай гэрээтэй хүнс үйлдвэрлэгчдээс их хэмжээний авилга авсан байж магадгүй гэж сэжиглэж, мөрдөн шалгаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хамгааллын сайд хүнс үйлдвэрлэгч хоёр компанийг тусламжийн шугамаар өгч байгаа нэг багц хүнс тус бүрээс 70 центийг өөрт нь өгөхийг шаардсан гэж буруутгаж байна. Мөрдөн байцаалтын явцад тэрээр авилга авснаа хүлээжээ.
Өнгөрсөн бямба гарагт Индонезийн авилгатай тэмцэх газар Нийгмийн хамгааллын сайдын гэрт нэгжлэг хийх үеэр 14.5 тэрбум рупи буюу 1 сая америк доллар бэлнээр илрүүлж, уг хэрэгт сэжиглэн дөрвөн хүнийг баривчилжээ. Хэрвээ Индонезийн шүүх нийгмийн хамгааллын сайдыг гэм буруутайг тогтоовол түүнд 1 тэрбум рупигийн торгууль ногдуулж, 20 хүртэлх жил хорих ял оноох юм байна. Батубара нь хоёр долоо хоногийн дотор авилгын хэрэгт татагдсан хоёр дахь сайд болжээ.

Нийгмийн хамгааллын сайдад холбогдох энэ авилгын хэрэг Индонез улсыг авилга хээл хахуулиас ангижруулна гэж амлаж байгаа ерөнхийлөгч Жоко Видодогийн амлалтад иргэд нь эргэлзэхэд хүргэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. аялал жуулчлалаас хамааралтай эдийн засагтай Индонез улс цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралтай тулгарч, улмаар нийгмийн эмзэг бүлгийн иргэдээ хүнсээр хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.
| Индонез: Тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нийгмийн хамгааллын сайдад авилгалын хэрэг үүсгэжээ | ||
| Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.