Их Британид шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Тус улсын засгийн газар эхний ээлжид худалдан авсан Америкийн Пфайзер, Германы Бионтех компаниудын хөгжүүлсэн вакцины 800 мянган тунгаасаа иргэддээ хийж байна.
Гэхдээ тус улс пфайзер Бионтехийн вакцинаас нийт 20 сая хүнд хийх 40 сая тунг захиалсан юм. Дархлаажуулалтын энэ өргөн хүрээтэй хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид 80-аас дээш настнуудаа шинэ коронавирусний вакцинд хамруулж байна. Ер нь нийт хүн амаа мэргэжлийн онцлог, нийгмийн байдлаар нь ангилж тодорхой үе шаттайгаар вакцинд хамруулна. Тухайн иргэдэд вакцин хийлгэх боломжтой болсныг нь албаныхан урьдчилан мэдээлэх юм. Гэхдээ шинэ коронавирусний вакциныг нь заавал хамрагдах дархлаажуулалтад багтаагүй. Өөрөөр хэлбэл иргэд вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдах эрхтэйг албаныхан онцолж байгаа ч хэвийн амьдралдаа эргэн орох аюулгүй, үр дүнтэй арга бол вакцин хэмээн зөвлөж байна.
Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайд: Вакцин хийлгэхээс айж болгоомжлоод байгаа хүмүүст хандаж хэлэхэд тэгэх шаардлага огт байхгүй. Линн, Паулаас авхуулаад маш олон хүн өнөө өглөөнөөс вакцинаа хийлгэснийг та нар бүгд харсан байх. Цаашид ч хүмүүс олноороо хийлгэнэ. Тиймээс айж сэтгэл түгших хэрэггүй. Гэхдээ бид тайвширч болохгүй. Бүгд энэ амны хаалтаа зөв зүүх хэрэгтэй. Мэдээж вакциныг улс төр, үзэл бодол эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс бий. Мөн вакцинжуулалтыг эсэргүүцэгчид гэх олон хүн ч бий. Гэхдээ вакцин аюулгүй, зөв. Танд төдийгүй улс оронд ч хэрэгтэй.
Вакцины эхний тунг хийлгэсний дараа 2-3 долоо хоногийн дараа 2 дахь тунг хийх юм. Харин вакцин хийлгэсний дараа ямар хугацаанд дархлаа тогтох нь тухайн хүний суурь дархлаатай шууд холбоотойг тайлбарлаж байна. Ихэнх тохиолдолд 2 дахь тунг хийлгэснээс хойш 7-10 хоногийн дараа шинэ коронавируснээс хамгаалах дархлаа тогтохоор байгаа бол хүчтэй дархлаатай хүнд эхний тунг хийлгэснээс хойш 21 хоногийн дараа хамгаалалт нь идэвхжихийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Их Британийн засгийн газар энэ оны эцэс гэхэд нийт 4 сая иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.
| Их Британид “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын аян эхэллээ | ||
| Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.