АНУ-ын эм хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналтын удирдах газар Пфайзер компанийн Германы Бионтехтэй хамтран хөгжүүлсэн вакцины үр дүнг нийтэлсэн байна. Энд вакцины шинэ коронавирусээс хамгаалах чадвар 95 хувь гэсэн хөгжүүлэгч компаниудын эмнэл зүйн туршилтын урьдчилсан үр дүнг баталгаажуулжээ.
Мөн вакцины эхний тунг хийсний дараа вирусээс хамгаалах чадвар нь 89 хувьд хүрч байгааг, харин 2 дахь тунгийн дараа бүрэн хамгаалалт тогтож байгааг баталгаажуулсныг тэмдэглэсэн байна. Түүнчлэн шинэ коронавирусний халдвар авч өвдсөн байсан ч тус вакцин үр дүнтэй, хамгаалалт болж чадаж байгааг баталсан байна. Харин АНУ-д ашиглах зөвшөөрөл олгох эсэхээ шийдэх тус байгууллагын хуралдааны өмнө танилцуулсан энэхүү мэдэгдэлд вакцин хийлгэсний дараа илэрч буй гаж нөлөөнд тарилга хийсэн хэсэгт хавдах, өвчин ихтэй байх шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ вакциныг жирэмсэн эхчүүд, 16-аас доош насныханд туршаагүй учир энэ бүлгийн хүмүүст хийх зөвшөөрөл олгохгүйг урьдчилан мэдэгдэж байна. Энэ хооронд Пфайзер компанийн удирдлага вакцины ашиг тустай холбоотой асуудлыг улс орнуудад тэр дундаа АНУ-д хэт улс төржүүлж байгааг шүүмжилсэн байна. Энэ тухай олон улсын эм бэлдмэл үйлдвэрлэгчид, ассоциациудын холбоо цахим уулзалтын үеэр хөндөгджээ.
Альберт Бурла Пфайзер компанийн Гүйцэтгэх захирал: Ковид 19 ийн эсрэг вакцин хөгжүүлэлт хурдацтай хийгдсэнд олон нийт сэтгэл зовниж байгааг ойлгож болно л доо. Гэхдээ Файзер компанийн вакцин найдвартай. Бид дөт замаар яваагүй. Туршилтууд бусад вакцинуудынх шиг л хийгдсэн. Бүр илүү өндөр стандарт шаардлагын түвшинд хийгдсэн. Вакцинжуулалтыг хэт улс төржүүлж байгаа нь иргэдийн итгэлийг улам алдагдуулахад хүргэж байна. Вакцин хийлгэх эсэхээ сайтар тунгааж бодоосой гэж хүсэх байна гэв.
Энэ хооронд Вашингтон Постынхон АНУ-д олон нийтийг вакцинжуулах аян төлөвлөснийхөө дагуу үргэлжлэх боломжгүй болох аюулд ороод байгаа тухай нийтэлсэн байна. Энэ нь Пфайзер компанийнхан борлуулалт хийгдчихсэн учир ирэх оны 6,7 саруудад Америкт шинэ коронавирусний вакцины хангалттай тунг нийлүүлж чадахгүйгээ урьдчилан мэдэгдсэнтэй холбоотой тухай бичсэн байна. Үүнээс болоод ирэх оны зуны эхэн сар гэхэд хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинд хамруулна гэсэн Америкийн эрх баригчдын төлөвлөгөө биелэхээргүй болж магадгүй гэж үзэж байна. АНУ-ын эрх баригчид энэ оны 7-р сард Пфайзер Бионтех компаниудтай 600 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм.
| АНУ-ын чанарын хяналтын байгууллага Пфайзер, Бионтех компанийн вакцины үр дүнг баталгаажууллаа | ||
| Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.