Турк улс ОХУ-ын коронавирусний "Спутник Ви" вакциныг худалдан авахаас татгалзлаа гэсэн Туркийн сонинд гарсан мэдээллийг няцаасан байна. Туркийн эрүүл мэндийн сайд Оросын вакцин лабораторийн болон эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлд тавигддаг шаардлагыг хангаагүй гэж орон нутгийн сонинд ярилцлага өгсөн тухай мэдээллийг Оросын Тасс агентлаг лхагва гарагт мэдээлсэн юм байна.
Харин дараа нь Тасс Туркийн сонинд гарсан мэдээлэл худал. Одоогоор Турктэй вакцины худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн эх сурвалжийг иш татан мэдээлжээ. ОХУ дотооддоо боловсруулсан "Спутник Ви" вакцин нь эмнэлзүйн гурав дахь шатны туршилтын явцад коронавируснээс 95 хувь хамгаалж байсан үр дүн нэмэгдэж, 96.2 хувь хамгаалж байгааг өчигдөр мэдээлжээ. Мөн "Спутник Ви" вакцин бусадтай харьцуулахад илүү хямд, тээвэрлэхэд илүү хялбар гэх мэт давуу талтай гэж мэдээлж байгаа. Орос нь коронавирусний эсрэг "Спутник Ви" вакциныг хамгийн анх дэлхийд бүртгэж, өнгөрсөн 7 хоногоос хүн амдаа түрүүлж тарьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 150 мянган хүн ОХУ-д "Спутник Ви" вакциныг тариулаад байна.
Одоогоор Олон улсын хэмжээнд аль ч биотехнологийн компанийн гарган авч байгаа вакцинд бүрэн итгэлтэй биш байна. Гэхдээ Энэтхэг, Узбекстан, Мексик, Балба, Египет, Венесуэль зэрэг орнууд ОХУ-аас "Спутник Ви" вакцин худалдан авахаар аль хэдийн урьдчилсан захиалга өгч, гэрээ байгуулжээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын 27-нд Туркийн ерөнхийлөгч Эрдоган вакцин худалдаж авахаар Москватай яриа хэлэлцээ хийж байгааг мэдэгдсэн.
Харин сүүлийн өдрүүдэд Орос, Турк хоёр Уулын Карабахын мөргөлдөөнөөс үүдэж, харилцаа нь таагүй уур амьсгалтай байгааг ажиглагчид онцолсон байна. 83 сая гаруй хүн амтай Турк улс Хятадын Синовак компаниас коронавирусний 50 сая тун вакцин авахаар гэрээ байгуулж, Пбайзер, Бионтехээс 25 сая тун вакцин авахаар хэлэлцээ хийж байгаа юм байна. Турк улс ирэх 4 дүгээр сар гэхэд 50 сая хүнийг вакцинд хамруулах зорилт тавьж байна.
| ОХУ БНТУ вакциныг нь худалдан авахаас татгалзсан гэх мэдээллийг няцаав | ||
| Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.