Шууд Chart

ДЭМБ: Коронавирусний шинэ омог халдварлах чадвар өндөр байлаа ч цочирдож сандрах шаардлагагүй

2020-12-23 10:21:28

Их Британид илрээд байгаа  коронавирусний шинэ  омог халдварлах чадвар өндөртэйд  дэлхийн улс орнуудын эрх баригчид сэтгэл зовниж нислэгээ зогсоох  гэх мэт шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  мутацид  орсон энэ вирус   хурдтай  тархах  чадвартай байлаа ч түүнийг зогсоох боломжтой  учир  цочирдон  сандрах хэрэггүй хэмээн  уриалсан  байна.

Энэ талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус, "Сүүлийн өдрүүдэд  Өмнөд  Африк, Их Британид Ковид-19 вирусний мутацид орсон шинэ хувилбаруудын талаархи мэдээлэл  ирж  байна. Вирусууд угаасаа мутацид орж  өөрчлөгддөг. Тиймээс гэнэтийнх биш. Их  Британийн тал шинэ хувилбар илүү амархан халдварлаж байгааг мэдээлсэн. Гэхдээ  одоогоор өвчлөлийг  хүндрүүлж  үхэлд хүргэх  магадлал  өндөртэй  гэх  баталгаа  алга  байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага генетекийн энэ өөрчлөлтийг судалж тогтоохоор эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Гол нь Сарс-Ков-2 ийн бүх вирусний халдвар  тархалтыг  аль  болох  хурдан  таслан зогсоох  хэрэгтэй  байна." гэлээ.

Мөн мутацид  орсон вирус  Их Британиас гадна  Австрали,  Исланд, Итали, Нидерланд,  Дани  улсууд илэрсэн тухай мэдээлсэн байна. Их  Британийн  эрх баригчид  мутацид  орсон вирусний  халдвар  тараах  чадвар  өмнөхөөсөө 70 хувь их  хэмээн мэдэгдсэн.  Үүнтэй холбоотойгоор тус улс  дотооддоо хорио  цээрийн дэглэмээ   чангатгасан.  Харин   сүүлийн мэдээгээр дэлхийн нийт  35  орон  Их Британитай агаарын харилцаагаа  түр  зогсоосон  байна. 

Өмнөд  Африкийн бүгд найрамдах улсын  эрх  баригчид мөн коронавирусний  мутацид орсон шинэ омгийн  халдвар  тус улсад  тархаж  эхэлсэн тухай мэдээлсэнтэй холбоотойгоор  дэлхийн улс орнууд  ч иргэний  агаарын тээврийн нислэгүүдээ  зогсоох шийдвэрийг  гаргаад  байна. Нидерланд, Панама зэрэг хэд хэдэн орны засгийн газар   тус улстай  агаарын  харилцаагаа  түр  зогсоож  буйгаа мэдэгдлээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Коронавирусний шинэ омог халдварлах чадвар өндөр байлаа ч цочирдож сандрах шаардлагагүй  
Үзсэн: 1933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй