АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгаа дэмжих тухай шинэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг Конгрессдоо уриаллаа. Америкийн конгресс цар тахлын хугацаанд эдийн засгаа дэмжих 900 тэрбум америк долларын дүнтэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хуулийг сая даваа гарагт баталсан юм.
Гэвч цагаан ордны тэргүүн эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай, хоёрдугаарт гаднын иргэдэд илүү их дэмжлэг очих нь, Америкийн иргэдэд хангалттай дэмжлэг очихгүй нь гэж гэж уг хөтөлбөрийн санхүүжилтийн дүнг нэмэх шаардлага тавьж байна. Хэрвээ санхүүжилтийг нэмэхгүй бол гарын үсэг зурахгүй гэдгээ ерөнхийлөгч Трамп илэрхийлжээ. Конгрессын сая баталсан 2 дахь хөтөлбөрийн хүрээнд АНУ иргэддээ 600 америк долларын чек тарааж, ажилгүй болсон иргэддээ долоо хоногт 300 америк долларын тэтгэмж олгох юм. Мөн жижиг бизнесүүдийг санхүүгээр дэмжих, хүн амын эмзэг бүлэгт үзүүлэх хүнсний тусламжийн зардал энэхүү шинэ хөтөлбөрт тусгагджээ.
Харин Трамп ерөнхийлөгч нэг гэр бүлд 600 америк доллар бага байна, энэ дүнг 2000-4000 доллар болгож нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. АНУ-д цар тахлын хоёр дахь давлагаа ирж, эдийн засаг нь дахин хямарч, ажилгүйдэл эргээд нэмэгджээ. Долоо хоногт 885 мянга гаруй хүн ажилгүй болж байгаа мэдээг өнгөрсөн пүрэв гарагт зарласан нь өнгөрсөн 9 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон.
Өмнөх эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хугацаа энэ оноор дуусаж байгаа учраас шинэ хөтөлбөр батлахгүй бол 12 сая хүн орлогогүйгээр шинэ оныг угтах төлөвтэй байгаа юм. АНУ өмнө нь өнгөрсөн 3р сард цар тахлын улмаас эдийн засгаа дэмжихээр 2.4 их наяд америк долларын дүнтэй хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлсэн. Эхний хөтөлбөрийн хүрээнд АНУ иргэн бүртээ 1200 америк долларын чек тарааж, ажлын байраа алдсан иргэддээ долоо хоногт 600 америк долларын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлээ ч санхүүжилтээр дэмжсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд цомхтгосон ажлын байрын 50 орчим хувийг сэргээсэн байна.
| АНУ-ын ерөнхийлөгч эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн санхүүжилтыг нэмэгдүүлэхийг уриаллаа | ||
| Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.