Христийн шашинтнуудын гол баяр зул сарын баяраар улс орнуудын удирдагчид нийт ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил баярын орой иргэддээ хандаж хэлсэн үгэндээ тэдний ихэнх нь "Ковид 19" цар тахлын эсрэг хийж буй тэмцлийг онцолж, эрүүл мэнд, онцгой албаныхандаа хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.

Ромын хамба Францис зул сарын баярыг тохиолдуулан хэлсэн үгэндээ юун түрүүнд шинэ коронавирусний эсрэг вакциныг улс орнуудад хүртээмжтэйгээр, шударгаар хуваарилахыг уриалсан байна. Түүнчлэн цар тахлаас болж эдийн засаг, нийгмийн тэнцвэргүй байдал газар авч байгаа энэ цаг үед ард иргэд шашин шүтлэг, үндэс угсаагаас үл хамааран ах дүү шигээр бие биенээ хүлээн зөвшөөрөх нь онцгой чухал байгааг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөнтэй Сириэс авахуулаад Ирак зэрэг олон оронд хүүхэд багачууд олноороо дайны хөлд нэрвэгдэж буйг сануулж амаргүй энэ үед энх тайван цогцлоож эвлэрэхийг уриалсан юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар мэндчилгээндээ шинэ коронавирусний эсрэг вакциныг зул сарын баярын гайхамшиг хэмээн нэрлэсэн. Мөн аюулгүй, үр дүнтэй вакцины тунг сая саяар нь Америкийн хотуудад хүргэж аймшигт цар тахлыг даран сая сая хүмүүсийн амь насыг аврахаа мэдэгдсэн. Түүнчлэн тэд цар тахлын үеэр Америкийн иргэд жинхэнэ эр зориг гаргасныг үнэлж буйгаа илэрхийлсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден, гэргий Жилл Байденыхаа хамтаар цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа эрдэмтэд, эмч нарт талархаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн цар тахалтай энэ жил олон хүний амьдрал доройтож амаргүй байгаа ч бие биедээ санаа тавьж, харилцан туслалцах нь нийгмийн зорилт зорилго болсныг байнга санах ёстойг анхааруулсан юм.

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет энэ жил цар тахал хүмүүсээс зайгаа барихыг шаардаж байсан ч олон талаараа нэгтгэж чадсаныг онцолж байлаа. Тэрбээр нас хүйс, яс үндэс, гарал үүслээс үл хамаарч харилцан биендээ хүндэтгэлтэй хандаж, халамж анхаарал тавихыг сануулсан юм. Цар тахлаас болж гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж чадаагүй хүмүүст хандаж ганцаараа биш шүү хэмээн дэмжиж гунигт хүнд өдөр ч гэгээ татна гэдэг итгэл байдгийг сануулж байлаа.

Зул сарын баярыг тохиолдуулан хэлсэн үгэндээ Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер хүн болгон дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байхыг онцгойлон сануулж байлаа. Тэрбээр хонгилын үзүүр дэх гэрэл улам бүр тодорч хямралаас гарахад алхам алхмаар ойртож байгааг тэмдэглэсэн. Гэхдээ энэ амаргүй зам хэр удаан үргэлжлэх нь хүн нэг бүрээс шалтгаалж байгааг анхааруулсан юм. Цар тахлаас болж Европын олон оронд зул сарын баярын бүх нийтийн арга хэмжээнүүд цуцлагдсан бөгөөд Их британи, Герман, Франц Италид ч хөл хорионы хатуу дэглэм тогтоосон байлаа.
| Улс орнуудын удирдагчид цар тахлын эсрэг тэмцлийг онцолж байна | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.