Шууд Chart

Жозеф Байден: Вакциныг улс орон даяар шуурхай түгээхийн тулд дайны үеийн хуулийн заалтуудыг ашиглана

2020-12-31 11:22:05

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден төрийн тэргүүний тангаргаа  өргөж  үүрэгт ажилдаа  орсныхоо дараа дайны үеийн хуулийн заалтуудыг ашиглах болно гэдгээ мэдэгдлээ.  Тэрбээр шинэ коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэл удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж шийдвэртэй ийм арга хэмжээ авахаа илэрхийллээ.  

Тодруулбал, Жозеф Байден "Ерөнхийлөгчийн үүрэг  ажилдаа орсноос  хойших эхний 100  хоногт  100 сая хүнийг вакцинд хамруулах боломжийг бүрдүүлнэ.  Конгрессоос  шаардлагатай  санхүүжилтийг баталбал  энэ зорилгодоо  бид  хүрэх боломжтой. Вакцинжуулалтын одоогийн түвшинг 5-6 дахин  нэмэгдүүлж  хоногт  1 сая хүнийг  вакцинд хамруулах шаардлагатай. Гэхдээ өдөрт  сая хүнийг вакцинд хамрууллаа ч АНУ-ын  хүн амын дийлэнхийг дархлаажуулахад олон сар  шаардагдана. Тиймээс  тангаргаа  өргөснийхөө дараа батлан хамгаалах үйлдвэрлэлийн  тухай хуулийн  ашиглаж  вакцин болон хамгаалалтын хэрэгслүүдийн үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх  үүргийг хувийн хэвшлийнхэнд  ч олгох болно." гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Байдений нэрлэсэн тус хуулийг ашигласнаар  үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор тодорхой нэр төрлийн барааны   үйлдвэрлэлийн хэмжээг  нэмэгдүүлэх боломжийг  олгодог  байна. АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп  цар тахал  эхэлснээс хойш тус хуулийн заалтуудыг хэд  хэдэн удаа  ашиглаж байсан юм. Жозеф Байден  Ерөнхийлөгч Трампын засаг захиргааныхны шинэ коронавиурсний эсрэг вакцины хуваарилалт түгээлт   төлөвлөснөөс нь  удаашралтай байгааг  ийнхүү  шүүмжилсэн юм. 

Гэхдээ  тэрээр Америкчууд  амаргүй хүнд  жилийн ард  гарч  байна гэсэн өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлээд  вакцинууд  ихээхэн найдвар төрүүлж  байгааг  онцолсон.  Гэхдээ ирэх  жилээс  эдийн засгаас авахуулаад  бүх юм  хэвийн  байдалдаа  эргэн   орно гэж  найдаж байгаа ч шинэ оны 3 дугаар сар хүртэл  халдварын нөхцөл  байдал  улам дордохыг  урьдчилан  анхааруулж байлаа. 

Энэ хооронд Их  Британид  дэгдсэн халдвар  тараах  чадвар өндөртэй  мутацлагдсан вирус  АНУ-д  Колорадод илэрсэн тухай мэдээлж  байна.  АНУ-д "Ковид-19"-ийн халдвар авсан хүний тоо  20  саяд нас  баралт 350  мянга орчимд  хүрээд  байна. Өнгөрсөн  24  цагт  халдварын  батлагдсан тохиолдол  194 мянга гаруйгаар, нас  баралт 3398-аар нэмэгдсэн  байна. Түүнчлэн  АНУ-ын  төлөөлөгчдийн танхимд  Луизанна  мужаас  сонгогдсон  Люк Летлоу  шинэ  коронавиурсний  халдварын улмаас 41 насандаа нас  барсан  тухай мэдээлэл ирж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден: Вакциныг улс орон даяар шуурхай түгээхийн тулд дайны үеийн хуулийн заалтуудыг ашиглана  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй