Шууд Chart

Дэлхий нийтийг цочроосон 2020 оны онцлох үйл явдлууд

2020-12-31 13:13:28

Улиран өнгөрч байгаа 2020 онд дэлхийн хүн төрөлхтөнд ололт, амжилтааар дүүрэн байлаа. Гэвч коронавирусний цар тахал дэлхий нийтийг түгшээж, түмэн олныг цочроосон олон олон үйл явдлууд ч ар араасаа тохиож байлаа. Бид энэ удаад дэлхий нийтийг цочроосон 10 үйл явдлыг онцолж байна.


НЭГ. ИРАНЫ ЦЭРГИЙН ЗҮТГЭЛТНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН НЬ...

Нэгдүгээр сарын 3. АНУ, Ираны хоорондын харилцаа эрс хурцадсан цаг үе. Энэ өдөр АНУ-ын цэргийнхэн Ираны хувьсгалт гвард буюу хувьсгалыг хамгаалагчдын элит Кудс хүчний удирдагч генерал Касем Солейманийг Ирак улсын нутаг дэвсгэр дээр устгасан нь дэлхий нийтийг цочроосон нэгэн үйл явдал хэмээн бид онцолж байна. Учир нь үүнээс үүдэн цус асгаруулсан дайн ч гарч болох эрсдэл бий болсонтой холбоотой. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Багдадын нисэх буудлаас явах замд дроны тусламжтай агаараас дайрч устгасан гэдгийг тухайн үед Пентагон батлан мэдэгдэж байсан юм.


ХОЁР. ИРАН УЛС УКРАИНЫ ИРГЭНИЙ ТЭЭВРИЙН ОНГОЦЫГ "АНДУУРАН" СӨНӨӨСӨН ХЭРЭГ

Нэгдүгээр сарын 8. Тегеран-Киевийн чиглэлд нисэхээр хөөрсөн Украины “Боинг-737” онгоц хэдхэн минутын дараа осолдон сүйрч, 177 хүн амь үрэгдсэн юм. Энэ эмгэнэлт явдал Ираны тал Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасны дараахан болсон бөгөөд онгоцыг "андууран" сөнөөсөн хэмээх тайлбарыг Иран улсын эрх баригчид осол болсноос хойш хэд хоногийн дараа хүлээн зөвшөөрч байв. Гэвч мөн л энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ираны физикч Мохсен Фахризаде нийслэл Техран хотоос холгүй халдлагад өртөж, амиа алдсан хэрэг гарсан байна.

Ираны Батлан хамгаалах яам энэ талаар мэдээлэхдээ, Судалгаа шинжилгээний хэлтсийн тэргүүн Мохсен Фахризадегийн сууж явсан автомашин руу зэвсэгт террористууд халдсан гэжээ. Террористууд болон түүний бие хамгаалагч нар мөргөлдсөний дараа Фахризаде хүнд бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч шархаа даалгүй нас баржээ.


ГУРАВ: КОВИДЫН ЭСРЭГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР НЭГДЭЖ БАЙНА

Нэгдүгээр сар.  Коронавирус буюу "COVID-19"-ийн цар тахлын дэгдэлтийг бид онцолж байна. Тус дэгдэлт нь 2020 онд тохиолдсон хамгийн гамшигт, хөнөөлт үйл явдлаар нэрлэгдэж байна. Тус цар тахал нь одоо ч дэлхийн хүн төрөлхтний амь насанд заналхийлж, 82,7 сая хүн халдвар авч, 46,7 сая хүн эдгэрч, 1,8 сая хүн эндэж, дэлхийн эдийн засагт томоохон хямралыг авчраад байна. Зарим улсад саяхнаас коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эхэлсэн ч энэхүү гамшигт вирус нь мутацжиж улам хурдан халдварлах чанарыг агуулсан дэгдэлт болж хувираад байгаа юм.


ДӨРӨВ: ТҮМЭН ОЛОН ЭМГЭНЭН ХАРУУССАН КОБЕ БРАЙНТ

Нэгдүгээр сарын 26. Энэ өдөр дэлхийн спортын түүхэнд нэгэн харамсалтай үйл явдал болсон юм. Тодруулбал, NBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Кобе Брайнт 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алджээ. Осол Калифорни мужийн Калабасас хотод болсон бөгөөд түүний 13 настай охин Жианна болон бусад 7 хүний хамтаар амь эрсэдсэн байдаг.


ТАВ. КОВИДОД ХҮЧИН МӨХӨСДСӨН ТОКИОГИЙН ОЛИМП

Гуравдугаар сарын 24. Япон улсын Токио хотод зуны 32 удаагийн наадам энэ оны долдугаар сарын 24-нд эхлэх байсан ч нэг жилээр хойшлуулж 2021 оны зунаас хэтрүүлэхгүй зохион байгуулах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ талаар тухайн үед  “Урьд өмнө тохиолдож байгаагүй, цаашид ямар үр дүнд хүргэхийг таашгүй тахлын нөлөөгөөр дэлхий дахины нөхцөл байдал муудаж байна.

Дэлхийн бараг бүх улс оронд үхлийн аюултай вирус тархаж, нийт халдварын тоо нь 375 мянга хүрч, энэ тоо цагаас цагт нэмэгдэж байна. Одоогийн нөхцөл байдал болон ДЭМБ-ын өгсөн мэдээлэл дээр үндэслэн ОУОХ-ны ерөнхийлөгч, Япон улсын ерөнхий сайд нар Токио хотод 2020 онд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадмын хуваарийг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй дахин төлөвлөх шийдвэрт хүрлээ. Энэ бол тамирчид, олимпын наадамд оролцогчид, олон улсын хамтын нийгэмлэгийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцсон шийдвэр юм” гэж мэдэгдэлдээ өгүүлж байв.


ЗУРГАА. ХЭСЭГ СУРАГ АЛДАРСАН УМАРДЫН УДИРДАГЧ

Дөрөвдүгээр сар 11. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хагас сар шахмын хугацаанд олны өмнө гараагүйн зэрэгцээ түүний сүүлд татуулсан зураг, дүрс бичлэг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 4 дүгээр сарын 11-нээс хойш тавигдаагүй юм. Үүнээс үүдэн БНСУ, Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр БНАСАУ-ын удирдагч хүнд өвчин туссан, түүгээр ч үл барам түүнийг нас барсан гэх мэдээллүүд гарах болсон юм. Хамгийн сүүлд иймэрхүү цуурхал 2014 онд гарч байжээ. Тэр үед Ким Жөн Ун сар гаруйн хугацаанд олны өмнө үзэгдээгүй аж.


ДОЛОО. "БИ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ НЬ"

Тавдугаар сарын 25. Африк гаралтай америк иргэн Жорж Флойд гэгч АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. тодруулбал, цагдаагийн ахмад 44 настай Дерек Шовин түүний хамтрагчид Ту Тао ба Томас Лейн нар Жон Флойдыг баривчилж, машины дэргэд нүүрээр нь доош харуулан хэвтүүлээд хүзүүг нь өвдгөөрөө даран гарыг нь гавлахын тулд найман минут орчим хүнд байдалд байлгажээ.

Улмаар “Би амьсгалж чадахгүй нь” гэж Флойд давтан хэлж байсан ч цагдаагийн офицер даралтаа суллахад нэгэнт оройтсон байснаар тэрбээр амьсгал хураажээ. Энэ нь АНУ-ыг иргэний дайны босгон дээр авчрах шахсан бөгөөд нэг мужаас эхэлсэн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал Америкийг нилд нь хамарсан хөдөлгөөн болон хувирсан юм.


НАЙМ. ЛИВАНЫ НИЙСЛЭЛИЙГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ШАХСАН ДЭЛБЭРЭЛТ

Наймдугаар сарын 4. Ливан улсын нийслэл Бейрут хотыг гэнэтийн нэгэн томоохон дэлбэрэлт бараг л сүйтгэв. Тодруулбал, боомтод байсан бордоонд ашигладаг нийтлэг химийн бодис болон уул уурхайн тэсрэх бодисын бүрэлдэхүүн хэсэг болох 2750 тонн аммиакийн нитрат байсан агуулах дэлбэрсэн явдал юм. Дэлбэрэлтийн уршгаар 130 гаруй хүн амь үрэгдэж, 5 мянга орчим хүн шархаджээ.

Тухайн үед 300 мянга гаруй хүнийг дэлбэрэлтийн улмаас нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Бейрут хотын ихэнх хэсэгт цахилгаан тасарсан ажээ. Дэлбэрэлт нь 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдсэн гэдэг бөгөөд 200 км-ийн зайтай Кипр улсад мэдрэгдсэн байдаг.


ЕС. Парисын баруун хойд захын дүүрэгт гарсан зэрлэг аллага

Аравдугаар сарын 16. Франц улсын нийслэл Парисын баруун хойд захын дүүрэгт гарсан зэрлэг аллагын хэрэг дэлхийн нийтийг цочроосон юм. Энэ нь хичээлийн үеэр сурагчдадаа исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг үзүүлсэн түүхийн багшийн амийг нэг этгээд хөнөөсөн хэрэг юм. Том хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд оройн 5:00 цагийн үед гудамжинд явж байсан багш эрэгтэй рүү довтолж, толгойг нь тасдсан байв. Дараа нь гэмт этгээд цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн тул буудуулж, амь үрэгджээ.


АРАВ: ДЭЛХИЙГ ТАЛЦУУЛСАН АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Арваннэгдүгээр сарын 8. Энэ онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Цагаан ордны тэргүүн болоход шаардагдаж байсан 270 саналыг авч ялалт байгуулжээ. Энэ жилийн сонгууль 1900 оноос хойших хамгийн өндөр ирцтэй сонгуулиар тодорсон байна.

Жо Байден 73 сая гаруй санал авч, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авсан эрхэм болжээ. Харин Трамп 70 сая гаруй санал авсан нь түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өдгөө 78 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгч болж байгаа юм.


Дэлхий нийтийг цочроосон 2020 оны онцлох үйл явдлууд  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй