Шууд Chart

РОЙТЕРС: Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд Рио Тинто Монголын өрийг тэглэнэ

2021-12-15 11:09:29

Рио Тинто групп, Оюутолгойн бүтээн байгуулалтын зардалд Монгол Улсын засгийн газарт  ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэхээр боллоо гэж барууны томоохон хэвлэлүүд онцолж байна. 

Тэгвэл Ройтерс агентлаг, mining.com зэрэг томоохон сайтууд Риотинто болон Монгол Улсын засгийн газрын байр суурийн талаар хэрхэн мэдээлснийг хүргэе.


Рио Тинтогоос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бичсэн захидалд, 34 хувьд ногдох Монгол Улсын өрийг тэглэх, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийх, Монголын тал ногдол ашгаа хүртэх хугацааг урагшлуулах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрэх тухай дурдсан гэжээ. Ройтерс агентлаг болон mining.com-ын онцолсноор Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар, Рио Тинто Монголын Засгийн газартай “үүссэн хурцадмал байдлыг” зогсоох саналын нэг хэсэг болох энэхүү концесс нь, тус улс ногдол ашиг авч эхлэх хугацааг “урагшлуулах” болно гэж захидалд дурдсан гэжээ. Рио Тинтогийн таван зүйл бүхий уг саналд, төслийн маргаантай санхүүжилтийн гэрээг цуцалж,  2023 оны эхний хагаст олборлолт эхлэх хүртэл шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалтыг,  хөрөнгө оруулагч тал хариуцах гэж мэт асуудлууд багтжээ. 

Энэ нь гүний уурхайн олборлолтын явцад Монгол Улсын Засгийн газрын эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит компани нэмэлт өр тавихгүй гэсэн үг гэжээ. Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм захидалдаа,  "Дээрх шийдвэрүүд гаргахад хэцүү байсан", "Хөрөнгө оруулагчид ийм шийдвэр гаргасан нь урт хугацааны итгэлцэл, түншлэлийн үндэс болно гэж бид үзэж байна" гэж дурджээ. 

Монголын говьд хийгдэж байгаа уг төслийн, гүний уурхайн төслийн саатал, зардлын хэтрэлт нь, Монголын засгийн газрын эсэргүүцэлтэй тулж, 2009 оны Дубайн гэрээг цуцална гэж мэдэгдэж байсан юм. Тус компани “Монголд буулт”  хийсэн нь, яриа хэлэлцээний шууд үр дүн гэж үзэж байна гэж mining.com онцолжээ. Үүнийг  Монгол Улсын их хурал батлах шаардлагатай ч, парламентын 76 суудлын 62-ыг нь авсан, эрх баригч МАН-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн саналыг гишүүд нь аль хэдийн дэмжээд байсан юм.  Оюутолгой бол Рио Тинтогийн зэсийн өсөлтийн гол төсөл юм. 

2019 онд 125 мянгаас 150 мянган тонн зэс олборлож байсан бол гүний уурхай ашиглалтад орсноор барилга, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч зэрэгт ашиглагдах металлын хэмжээг 560,000 тонн болгон нэмэгдүүлэх юм.  Энэ үзүүлэлтэд 2025 он гэхэд хүргэх бөгөөд 2030 он гэхэд ашиглалтаараа дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно гэж Рио Тинто мэдээллээ.

Оюутолгой уурхай нь сүүлийн 10 жилийн хугацаанд, Монгол Улсад  олон мянган ажлын байр бий болгож, гурван тэрбум орчим долларын татвар, хураамжийн орлого бүрдүүлсэн нь Монгол  Улсад хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт болсон юм. 

"Туркойз Хилл Ресурс"-ын хувьцааны үнэ 10 дугаар сарын 14-нд нэмэлт санхүүжилт болох 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдсэний дараа унасан. Харин өр тэглэх тухай мэдэгдэл гарснаар "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, 14.7 хувиар өслөө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

РОЙТЕРС: Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд Рио Тинто Монголын өрийг тэглэнэ  
Үзсэн: 4818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй