Шууд Chart

COP17: “Бизнесийн өдөр”-өөр ногоон хөрөнгө оруулалт, инновацын шийдлүүдийг хэлэлцэнэ

2026-08-20 11:21:07

COP17-ын Ногоон бүсийн өнөөдрийн хөтөлбөр “Бизнесийн өдөр” сэдвийн дор үргэлжилж, газрын доройтлыг бууруулах бодит шийдлийг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи болон орон нутгийн оролцоотой хэрхэн уялдуулах асуудалд төвлөрч байна.

Өдрийн турш ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур буюу ESG, инновац, бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй бизнесийн загвар, ногоон бонд зэрэг сэдвээр нийт 33 арга хэмжээ зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгүүдээр хувийн хэвшил цөлжилт, газрын доройтлын эсрэг шийдэлд ямар үүрэг гүйцэтгэх, ногоон хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацыг бодит хэрэгжилтэд нэвтрүүлэх боломжийг авч үзнэ.

Өглөөгүүр бэлчээрийн олон талт байдал, Австрали-Монголын ногоон өсөлтийн бизнесийн туршлага, органик хүнсний үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх шийдэл, Говийн бүсийн тэсвэрлэх чадвар, “Цөөн мал–ногоон дадал” хоршооллын бизнесийн загвар зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Мөн байгаль орчны хяналт, ESG, нүүрстөрөгчийн мониторингийн дижитал платформ, тэг нүүрстөрөгчийн болон цэвэр халаалтын шийдлүүдийг танилцуулах юм.

Үдээс өмнөх болон үдээс хойших хөтөлбөрөөр шороон болон элсэн шуурганы судалгаа, газар сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоо, ойн санхүүжилт, уур амьсгалд ухаалаг бизнесийн загвар, цахилгаан тээврийн дэд бүтэц, бэлчээр сэргээх инновац зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: “Бизнесийн өдөр”-өөр ногоон хөрөнгө оруулалт, инновацын шийдлүүдийг хэлэлцэнэ  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй