Шууд Chart

Мэргэжлээ зөв сонгох нь амьдралаа баталгаажуулж буйн нэг хэлбэр

2014-06-16 10:53:10

Жил жилийн хавар дунд сургуулиа төгсөгчдийн өмнө мэргэжлээ сонгох шаардлага тулгардаг. Энэ сонголт ирээдүйн амьдралынх нь баталгаа болох учир сайн бодож үзсэний дүнд эцсийн сонголтыг хийх ёстой. Гэвч хүүхдүүд үүнийг төдийлөн ойлгоогүйгээс сургуульгүй л хоцроогүй бол боллоо гэж өнгөц харснаар буруу сонголт хийх нь бий. Сүүлийн үед хуульчийн хүүхэд хуульч, эмчийн хүүхэд эмч, багшийн хүүхэд багш болдог “мода” дэлгэрсэн. Гэхдээ энэ сонголтыг тойрсон шүүмжлэл бас бий. Аав нь хуульч болохоороо сургуульгүй хоцорсон хүүхдээ танил талаараа хөөцөлдөж, хуульч болгохоос өөр замгүй болдог гэх яриа ч байдаг. Гэхдээ хүүхэд аав, ээж, ах дүүсийнхээ хэн нэгний мэргэжлийг дагаж сонголт хийх нь ч ер нь түгээмэл байдаг аж. Хүүхдийг ухаан ороход нь л хажууд нь эмч байсан. Хааяа ээжийнхээ ажил дээр очиход цагаан халаттай эмч нар л угтдаг. Тэдний алхаж байгаа нь хүртэл гоё харагдсаар ой тойнд нь эмч болох хүсэл төрдөг. Ингээд хүүхдүүд бага насандаа эмч болохыг мөрөөдөх нь их. Цэцэрлэг, сургуульд хамрагдаж эхэлсэн үеэс л тэдний толгойд багш болох хүсэл төрж эхэлдэг нь нууц биш. Энэ нь хүүхдэд орчин нөлөөлдөг гэдгийг нотлож буй хэрэг юм.

Ерөнхийдөө охид ээж, эгчийнхээ мэргэжлийг дагах төлөвтэй байдаг бол хөвгүүдэд аавынхаа ажил болон машин барьдаг ахыгаа дууриах нь элбэг гэнэ. Хөвгүүдээс том болоод юу хийдэг хүн \ямар мэргэжилтэй\ болохыг нь лавлавал жолооч гэж хэлэх нь түгээмэл. Энэ мэт орчин нөлөөлснөөр хуульчийн хүүхэд хуульч, багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч мэргэжил сонгодог байж болох. Ямартай ч яг одоо элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүдэд энэ сонголтыг хийх нэн хариуцлагатай үе ирээд байна. Суралцагч зарим ажил мэргэжлийн нэрэнд хууртаж хуумгай сонголт хийх нь байдаг. Эсвэл бусдын л адил нийтлэг мэргэжил сонгох нь түгээмэл гэнэ. Ийм мэргэжлийг сонгох нь юуны буруу байх вэ. Гэхдээ их, дээд сургууль төгсөөд ажлын байртай байх эсэх хэтийн төлөвийг бас тооцож үзэх шаардлагатай юм. Их, дээд сургуульд суралцах төлбөрийг аав, ээж, ах дүүс, ар гэрийнхэн чинь даах нь тодорхой. Харин их, дээд сургуулиа төгссөн хойно чи өөрийн хүчээр хоолоо олж иднэ гэдгийг мартаж болохгүй. Нэг ёсондоо чи өнгөрсөн хугацаанд хүнээр тэжээлгэдэг байсан бол одоо хүнийг тэжээдэг болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй юм. Монголоор дүүрэн хуульч, багш, эмч...байхад би ийм мэргэжил эзэмшвэл хэний ч дор орохгүй амьдралаа аваад явчихаж чадна гэж бодож байгаа бол өөр хэрэг. Харин тэгж чадахгүй бол гэдэг асуултыг өөртөө тавиад үзэхэд гэмгүй.

Мэргэжил сонгох гэж байгаа хүний анхаарах бас нэг зүйл нь сонголтыг хэн хийж байна вэ гэдэгт оршино. Суралцагч өөрийн хүслээр, итгэл үнэмшлээр сонголтоо хийж байгаа бол ямар нэгэн саадгүйгээр хүссэн мэргэжлийнхээ эзэн болж чадна. Харин хэн нэгний шахалтаар мэргэжил сонгож байгаа бол ирээдүй нь бүрхэг. Манай эцэг, эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь хүүхдийнхээ хүсээгүй мэргэжлийг эзэмшүүлэхээр зүтгэдэг явдал. Мэдээж хэн ч хүүхдээ муу муухай амьдруулахыг хүсэхгүй нь тодорхой. Гэвч хүүхэд аав, ээжийнхээ санал болгож байгаа ирээдүйг харсан мэргэжлээс тэс өөр зүйлийг хүсч байж болох юм. Хэдийгээр эцэг, эхчүүдийн бодол зөв байгаад хүүхдээ хүчилсэн тохиолдолд бүх зүйл бүтэлгүйтэж мэднэ гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Учир нь дургүйд хүчгүй гэдэг шиг хүүхэд чинь сурсан, мэдсэн ч юмгүй хурааж цуглуулсан мөнгийг чинь үрэн таран хийж мэдэх юм. Яагаад гэхээр өөрөө тэр мэргэжилд дуртай биш, зөвхөн аав, ээжийнхээ хүслийг биелүүлэх төдий суралцаж байгаа нь хүүхдэд чинь уйтгартай байх болно. Тэгэхээр суралцагч өөрөө л мэргэжлээ сонгох нь зөв алхам. Гэхдээ хүүхэд эцэг, эх, гэрийнхэнтэйгээ ярилцаад үзэхэд алдахгүй.

Томчуудын үгнээс нэгийг дуулж, хоёрыг тунгааж байж ирээдүйд хэн байхаа сонгож болно. Жилд ойролцоогоор 45 мянга орчим суралцагч их, дээд сургууль, коллежид шинээр элсэн ордог гэсэн статистик тоо байна. Гэвч элсэгчдийн сонголтыг харахад нөгөө л нийтлэг мэргэжлийг сонгосон байдаг аж. Хөдөлмөрийн төв биржээс зах зээлд ямар боловсон хүчин эрэлттэй байгаа талаарх судалгааг гаргасан байна. Судалгаанд улсын хэмжээний нийт аж ахуйн нэгжийн 11 салбарын 1323 байгууллага хамрагджээ. Судалгааний дүнд сүүлийн нэг жилд хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийг эрэмбэлэн тодорхойлжээ.
Үүнд:
1. Далд ба ил уурхайчин
2. Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
3. Тариаланч ногоочин
4. Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
5. Загасчин, түүгч/хураагч
6. Барилга угсралтын туслах ажилтан
7. Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
8. Үйлдвэрлэлийн ажилтан
9. Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
10. Бараа танилцуулан худалдаалагч
11. Уул уурхайн инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
12. Иргэний барилгын туслах ажилтан
13. Шаварчин, засалчин
14. Иргэний барилга байгууламжийн инженер
15. Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
16. Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
17. Барилгын болон бусад цахилгаанчин
18. Зөөгч
19. Ерөнхий мэргэжлийн их эмч
20. Уурхай, металлургийн техникч  зэрэг ажлын байрууд зонхилж байна. Тиймээс мэргэжлээ сонгохоор зэхэж буй хүмүүс энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаад үзээрэй. Одоогоор эдгээр мэргэжил хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд багтаж буй юм байна. Манайхан офиссын ажилтан болохыг мөрөөдөх нь их. Гэвч дээрх жагсаалтаас гарахад “мөрөөдлийн” болон нийтлэг ажлын байрууд дүүрсэн нь тодорхой байгаа юм. Мэргэжлээ зөв сонгох нь амьдралаа баталгаажуулж буйн нэг хэлбэр учраас хайнга, хайхрамжгүй хандаж огт болохгүй.  

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Мэргэжлээ зөв сонгох нь амьдралаа баталгаажуулж буйн нэг хэлбэр   
Үзсэн: 7916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-06-26 18:52
Uneen unen.yg l unen zow yum bichij. zaluus l eh ornoo awch ywdag gedgiig manaih zaluus bitgii martaarai. mergejlee zow songood ih zuil hiihiig husey. mongoliin saihan zaluustaa amjilr husey dee. ta nar chadna aa
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-06-22 19:25
Манай орон үйлдвэрлэгч орон биш болохоор диплом өвөртөлсөн ажилгүй залуус дүүрэн байна. Манайх Хонконг шиг том зах зээл биш учраас ажлын байр ховор байх нь аргагүй. Нийгэмд эдийн засгийн болон ухамсарын чадамж үнэхээр алга. Энэ болохгүй бүхэнд зөвхөн монгол хүн бид буруутай бид дэндүү хувиа хичээсэн бусдын эрх ашгийг уландаа гишгэсэн их муухай хүмүүс юм. Нийгэмд ноцтой осол аваар, дээрэм, аллага гарч байна. Энэ нь бидний нүүдэлчин амьдралтай холбоотой. Бид хөгжие гэвэл өөрсдөө ухамсарын доройтлоосоо салж нэгнийгээ хүндлэж хайрлаж итгэж сурах хэрэгтэй.
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2014-06-16 13:27
ЭНЭ ҮНЭН ХҮҮХЭД МААНЬ СУРГУУЛИА ТӨГСТӨЛ САНХҮҮГИЙН АСУУДАЛАА АР ГЭРТЭЭ ДААТГАДАГ СУРГУУЛИА ТӨГСӨӨД ӨӨРӨӨ БИЕ ДААЖ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ ГЭТЭЛ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУС ААВ ЭЭЖДЭЭ НЭМЭР БОЛОХГҮЙ ЗӨВХӨН ХУВИА ХИ ЧЭЭЖ АМЬДАРЧ БАЙНА.ХӨНГӨН ХИЙСВЭР АМЬДРАЛААР АМЬДРАХ ЗАЛУУС ОЛОН.МЭРГЭЖИЛЭЭ ЭЗЭМШСЭН ТУХАЙН ХҮНИЙ УР ЧАДВАР, ҮНЭХЭЭР ӨӨРӨӨ СОНИРХОЖ ОРЖ СУРАЛЦСАН БОЛ АМЖИЛТ ГАРАХ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ, ХҮЧЭЭР СУРСАН НЬ БАС ОЙЛГОМЖТОЙ.ГЭХДЭЭ ХҮН ЧАНАР БУЮУ ХҮНЛЭГ ЁСООР БОЛ ЦААШ ЯАЖ АМЬДРАХ АРГАА ААВ ЭЭЖ, АХМАД ХҮМҮҮС ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ЧУХАЛ.НАЙЗ БОЛ САЙН Л ХҮҮХЭД БИШ БОЛ ТЭД НАЙДВАРТАЙ ЗӨӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЬ ХОВОР УЧИР АДИЛХАН ТӨВШИНД СЭТГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.АМЬДРАЛЫН ТУРШЛАГААР МЭДЭРСЭН ХҮМҮҮСИЙН ЗӨВЛӨГӨӨ Л ҮНЭТЭЙ.
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2014-06-16 11:32
Хичнээн мэргэжил боловсролтой бай гад ч майнай улсад хэрэг алга даа Дарга хамаатан сатантай юм уу дарга нарийн нууц амраг л биш бол тэртэй тэргүй ажил олдохгуй эмэгтэй ни лангун дэр зогсоо л эрэгтэй ни таxи бариж халтуур хийгээл дуусах юм даа Дээд боловсролтой сайхан сайхан сэхээтнүүд маани Нууц амраг хуухнууд нэрээ муухан гаргадаг байсан чиг л төрийн байгууллагад дарга дарганцар болохийн Монгол минэ яаж хөгжих билээ дээ

Бидэнтэй нэгдээрэй