Шууд Chart

Улаанбаатарын “хордлого”-ыг тайлах нь хүн амаа эрүүл байлгах нэг үндэс

2014-07-30 10:04:24

Хөрс үүсэх процесс маш удаан хугацааны туршид явагддаг байна. Хөрсний өнгөн хэсэг тодруулбал, 0-30 см үүсч бий болоход барагцаагаар 1000 жил шаардагддаг ажээ. Хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Гэхдээ хөрсний цэвэршилтэд олон хүчин зүйл нөлөөлдөг гэнэ. Тухайн хөрсний бохирдолтын хэмжээ болон ямар төрлийн зүйлсээс бохирлогдсоноос шалтгаалдаг аж. Мөн хөрсний бүтэц, цаг агаарын байдал гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнээс  үзвэл бохирдсон хөрс ямар удаан хугацаанд цэвэршдэгийг бид мэдэж болох юм.

Химийн хорт нэгдлүүд хөрсөнд их концентрацитай орвол хөрсний өнгөн давхарга амархан бохирдож, хөрсний организмуудыг хөнөөдөг байна. Үүнээс болж хөрсний өөрийгөө цэвэршүүлэх чадвар алдагдаж, хүн амьтан, ургамал зэрэг амьд биетэд ихээхэн нөлөө үзүүлдэг гэнэ. Хөрсийг бохирдуулагч гол зүйлийг нэрлэвэл, химийн хор, эрдэс бордоо, үйлдвэрийн хаягдал, агаарт цацагдсан хий утаа хэлбэртэй бохирдуулагч бодисууд, нефть, нефтийн бүтээгдэхүүнийг хэлж орно.

Хөрс химийн хороор бохирдох. Дэлхийд жил бүр сая гаруй тонн ургамлын өвчний эсрэг хэрэглэдэг химийн хор үйлдвэрлэгддэг. Манай хойд хөршид л гэхэд жилд 100 мянган тонн пестицид хэрэглэдэг ажээ. Тодруулбал, пестицид их хэрэглэдэг районуудад Краснодарын хязгаар, Ростов муж багтдаг байна. Орост жилд нэг хүнд нэг кг орчим пестицид ногддог. Бусад өндөр хөгжилтэй орнуудад үүнээс илүү их хэмжээгээр ногддог гэсэн судалгаа байна. Химийн хорны хүнд нөлөөлөх үйлчлэлийг цацраг идэвхит бодистой зүйрлэж болох юм. Пестицид хэрэглэснээр хөрсний үржил шим, ногооны тэжээллэг хадгалагдах чанар муудаж, хортон шавьжны төрөл зүйл олшрох явдал үзэгдэж байна гэдгийг тогтоожээ. Ургац нэмэгддэг боловч хэрэглэж буй пестицидийн ихэнх нь хүрээлэн буй орчинд тархаж байдаг аж. Энэ  нь амьд бие махбодод нөлөөлж, бүх экосистем гүнзгий өөрчлөгдөхөд  хүргэдэг ажээ. Химийн хор дотроос хамгийн аюултай, тэсвэртэй хлорт органик нэгдлүүд /ДДТ, ГХБ, ГХЦГ/ нь хөрсөнд олон жил хадгалагдаж, амьд организмыг хордуулсаар байдаг гэнэ. Эдгээр химийн нэгдлүүд нь хүний биед нэвтэрч янз бүрийн хорт хавдар үүсгэхээс гадна, хүний генд нөлөөлж, үр удамд удамшлын янз бүрийн эмгэгүүд үүсгэх чадвартай юм байна. Иймээс ДДТ хорыг хэрэглэхийг хоригложээ. Энэ нь хүнээс гадна ургамал, амьтны ертөнцөд ч хор хөнөөлтэй нь нотлогдсон байна. Улмаар хөрсөөр, өөрөөр хэлбэл, ургамлын үндсээр дамжин ургамалд орж, түүнээсээ хүнд тэжээлийн хэлхээ холбоогоор дамждаг ажээ.

Үйлдвэрийн хог хаягдлаар хөрс бохирдох. Хөрсний хэвийн ажиллагааг алдагдуулахад хий-утааны хаягдал асар их хор хөнөөл үзүүлдэг байна. Хөрс нь хүнд хор хөнөөлтэй химийн олон элементүүдийг шингээж, хуримтлуулах чадвартай байдаг. Хүнд металлууд, мөнгөн усны үйлдвэрийн ойр орчмын газрын хөрсөнд мөнгөн усны найрлага байх ёстой хэмжээнээсээ хэдэн зуу дахин их байдаг байна. Эдгээр элемент нь утаа-хийн байдлаар ялгарч хөрсөнд шингэдэг ажээ. Тодруулбал, авто замын ойролцоох хөрсөнд хар тугалганы хэмжээ их байдаг гэнэ. Оросын агрохимийн албанаас хийсэн судалгаагаар бараг 0.4 сая га талбай зэс, хар тугалга, кадми зэргээр бохирдсон байжээ. Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 86  автомашин /суудлын 50 автомашин/ нэмэгддэг гэсэн судалгааг Авто замын газраас өглөө. Тодруулбал, шинээр нэмэгдсэн авто машины 10 хувь нь үйлдвэрлэснээс хойш гурав жил хүртэл хугацаагаар ашигласан тээврийн хэрэгсэл байдаг гэнэ. Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн 24 хувийг 4-9 жил, 72 хувийг арав ба түүнээс дээш жилээр ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл тус тус эзэлдэг байна. Үүнээс харахад манай авто замын ойролцоох хөрс хойд хөршид хийсэн судалгаатай төстэй дүн гарч мэднэ гэдэгт эргэлзэх хэрэггүй мэт санагдах юм.

Хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох. Олон улсын экологийн ноцтой асуудлын нэг нь газрын хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох явдал юм. Нефть дамжуулах хоолойнуудын эвдрэл, гэмтэл, нефть олборлох технологийн боловсронгуй бус байдал ослын болон технологийн хаягдал гэх мэт нь өнөө ч хүн төрөлхтний санааг чилээсэн асуудал хэвээр байгаа юм. Хэдийгээр нефть олборлох нь улс орны эдийн засагт ашигтай байх ч байгаль экологийн хувьд бол асар их сөрөг нөлөөтэй юм. Тухайлбал, Баруун Сибирьт таван см зузаан нефтиэр хучигдсан 20 гаруй мянган га газар байдаг аж. Манай орны хувьд ийм хэмжээнд хүрэхүйц нефтийн бүтээгдэхүүн, нефтиэр бохирлогдсон талбай одоогоор байхгүй ч цаашид хэрхэхийг өнөөдөр таашгүй.

Нийслэлийн агаарын чанарын албанаас авсан мэдээллээр авто машины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг байна. Машины утаа нь амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах, бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон гэнэ. Эдгээр хорт бодис нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа янз бүр. Тодруулбал, хар тугалга хүний ихэнх эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис аж. Түүнийг мэдрэлийн хор гэж нэрлэдэг. Нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай гэнэ. Харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт бодьгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгийг үзүүлдэг юм байна. Азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж, уушгийг гэмтээдэг бол хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэн, улмаар амьсгалын эрхтэнг гэмтээдэг байна. Харин Бенз(о)пирен автомашины хөдөлгүүрийн поршин элэгдсэн, тосны зарцуулалт ихэссэн үед их хэмжээгээр ялгардаг аж. Энэ нь хүний амьсгалын замаар дамжиж бие махбодод хуримтлагдаж өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Хөө тортог нь ч ялгаагүй амьсгалын замыг бохирдуулахаас гадна, уушгины архаг өвчнийг болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Энэ мэт химийн хортой бодис нь агаар болон хөрсөөр дамжиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэн, судлаачид аль хэдийнэ тогтоогоод байна.

Хүмүүст хамгийн аюултай нь хөрс эмгэг төрөгчөөр бохирдох гэж мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, “Хүн-хөрс-хүн” гэсэн томьёолол байна. Энэ тохиолдолд хордсон хүнээс эмгэг төрөгчид ялгадасны хамт ялгарч, хөрсөнд нэвтрэн, хөрснөөс хүнд хүнсний ногоогоор дамжин халдварлагддаг аж. “Мал амьтан-хөрс- хүн” гэх томьёолол бас бий.  Хүнд дамждаг малын хэд хэдэн өвчин байдаг. Эдгээр өвчин нь малаас хөрсөнд, хөрснөөс хүнд дамждаг байна. Мөн хөрснөөс хүнд шууд халдварладаг эмгэг төрөгч организмууд ч байдаг ажээ. Хөрсний бохирдол нь ийн олон халдварт өвчний тархалтад нөлөөлөх хүчин зүйл болж, хүнсний сүлжээнд эрсдэл үүсгэх аюултай юм. Мөн хөрсөнд өвчин үүсгэгч нян удаан хугацаагаар хадгалагдаж өвчин тархах нөхцөл бүрдүүлдэг аж.

Хог хаягдал, бохирын цэгийг ариун цэврийн хувьд буруу байрлуулж, арилгахгүй байх, цуглуулж хадгалах дэг журмыг алдах, ялгадсыг хувийн ногооны талбай, цэцэрлэг, хашаанд эмх замбараагүй тараах зэргээс хөрс бохирдоно. Ингэж бохирдсон хөрсөөс гүний болон хөрсний ус тоос, мэрэгч шавьж, ялангуяа ялаагаар, өвс ногоо ургамал, агаар, арьс салстаар хүнд халдвар дамждаг юм байна. Ялаа нь 60 орчим халдварт өвчнийг дамжуулан халдварлуулахын дотор гэдэсний халдварт өвчний тархалтад онцгой үүрэгтэй аж. Ялаа эмгэг төрөгч нянг хошуу, савар их биеийн үсэндээ наалдуулж, улмаар хүнсний бүтээгдэхүүн, биет зүйл дээр сууж бохирдуулдаг. Мөн бөөлжис, ялгадасны хамт нянг гаргаж орчныг бохирдуулдаг байна. Ахуйн болон үйлдвэрийн гаралтай бохир ус, хог хаягдал, химийн хорт бодисоор дамжин ус хөрс, агаарыг бохирдуулахад хувь нэмрээ оруулдаг ажээ.

Угтаа бол агаарын бохирдол хөрсийг, хөрсний бохирдол агаарыг  бохирдуулсаар байдаг юм байна. Гэтэл бид түүнийг анзааралгүй агаар, хөрсний бохирдлыг тусад нь ярих гээд байдаг. Энэ хоёрын аль аль нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь их. Тэгэхээр Улаанбаатарын “хордлого”-ыг тайлах зайлшгүй арга зам бидний өмнө бий болоод байна. Гэхдээ яаж гэх асуултыг тавих хүн олон байгаа байх. Тэгвэл бохирдолттой хөрсийг сэргээх нь тийм ч төвөгтэй ажил биш гэдгийг бид гадны жишээнээс харж болох юм. Чилийн Атакамын цөлийн дунд уурхай түшиглэж байгуулсан нэгэн тосгон хөрсний бохирдлын улмаас “үгүй” болжээ. Тухайн үед тосгоны хөрсөнд хар тугалганы агууламж их байсан гэдэг. Үүнээс улбаатайгаар тус тосгонд ургийн гажигтай төрөлтийн тоо нэмэгдсэн аж. Тиймээс энэ нутагт бараг хагас зууны турш нэг ч хүн суурьшаагүй гэнэ. Харин одоо энэ тосгонд хүмүүс суурьшиж, аж амьдралаа залгуулж байгаа аж. Хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулсан газарт хүн дахин суурьшиж, үр хүүхдээ өсгөнө гэдэг байж боломгүй үйлдэл мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч тэнд хүмүүс суурьшихын тулд бохирдолттой хөрсийг нь дахин сэргээх үйл явцыг хийж эхэлсэн байна. Усжуулалтын системийг шийдэж, хөрсөнд агуулагддаг эрдсийг дахин суулгаснаар хүмүүс эл нутагт дахин суурьших эх үндэс тавигджээ. Өөрөөр хэлбэл, тосгоны хөрсийг цэвэршүүлсэн гэсэн үг юм. Бас нэг жишээ дурдахад, манай өмнөд хөрш хөрсний бохирдолт ихтэй. БНХАУ-ын засаг захиргаанаас Жүжоу хошууны ил жорлонтой айлуудад хөрсөнд шууд нэвчихээргүй 00-ыг үнэгүй тарааснаар хөрсний бохирдлын асуудлаасаа бага ч атугай ангижирч чаджээ. Энэ мэт хол ойрын жишээг бид нийслэл хотынхоо “хөрс”-нд буулгаж болохгүй гэх газаргүй. Улаанбаатарыг Атакамын цөлийн дундах тосгон шиг болгохгүй байх боломж бас бидэнд нээлттэй байгаа юм. 

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Улаанбаатарын “хордлого”-ыг тайлах нь хүн амаа эрүүл байлгах нэг үндэс  
Үзсэн: 5959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-05-26 14:57
энгийн нэг тайлбар хэлэх юм бол.... хөрс маан 2догч бохирдуулагч эх үүсвэр болдог. хөрс өөрөө бохирдсоноороо хортой нэгдэл агуулсан тоосонцороор дамжиж агаар бохирдуулах, гүний урсацаар дамжин химийн найрлагаараа ундны ус бохирдлуулдаг. гэхдээ улаанбаатар хотын хувьд хөрс гэж нэрлэх боломжтой газар бараг үлдээгүй. ер нь хот суурин газар технозем болон урбаназем гэдэг хүний үйл ажиллагаагаар үүсдэг хөрсний хэв шинж үүсдэг гэж үздэг бөгөөд энэ хөрс нь эвдрэлд өртсөн талбайн дээр зориудаар хар хүрэн үе үүсгэдэг асуудал.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-15 17:51
Хөрсний бохирдол гэж аймаар юм байна аа. Арилгах тал дээр анхаарах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй