Шууд Chart

“Эрчүүд өөртөө хариуцлагатай” хөтөлбөрийг эхлүүллээ

2026-03-26 14:00:38

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30-65 насны эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, эрсдэлийн үнэлгээ хийж, хяналтад авах “Эрчүүд өөртөө хариуцлагатай” хөтөлбөрийг эхлүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд 30-65 насны эрэгтэйчүүдийг бүртгэн авч, нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах юм. Үүнд эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд тооцогддог зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчлөлийн эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ багтаж байна.

Шинжилгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж, эрсдэлтэй бүлэгт хамаарах иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналтдаа авч, цаашдын эмчилгээ, зөвлөгөө, хяналтыг хариуцан ажиллана.

Хөтөлбөрийн танилцуулгын нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал Х.Ганцэцэг нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Манай дүүрэгт 30-65 насны 28 мянга гаруй эрэгтэй амьдарч байна. Эдгээр иргэдийн талаас илүү хувь нь эрүүл мэндийн даатгалгүй, төдий хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагддаггүй гэсэн тооцоолол гарсан. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү жилээс жилд нэмэгдэж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа нь нийт хүн амын эрүүл мэндийн түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна. Иймээс дүүргийн хэмжээнд эхний ээлжид эрсдэлт бүлэгт хамаарах эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах энэхүү хөтөлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран эхлүүлж байна” хэмээн онцоллоо.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар энэхүү санаачилга нь тус газрын шинэчилсэн журам, бодлоготой уялдаж байгааг тэмдэглэв. Тэрбээр анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төвүүд зүрх судас, чихрийн шижин зэрэг хэд хэдэн архаг өвчин, эмгэгийг бүрэн хянах боломжтойг дурдаад, өрхийн эрүүл мэндийн төвийг иргэн бүрийн анхан шатны тусламж, үйлчилгээний үндсэн цэг болгох “хаалга баригч” тогтолцоог идэвхжүүлэх бодлого хэрэгжиж эхэлснийг онцолсон юм.


“Эрчүүд өөртөө хариуцлагатай” хөтөлбөрийг эхлүүллээ  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй