Шууд Chart

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

2026-06-18 14:38:48

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн хяналтын онцлогт тохирсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль тогтоомжуудаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавигддаг шаардлага, стандарт, чанарт нийцүүлэхээр ажиллаж буйг Т.Аубакир сайд онцлоод энэ хүрээнд Олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж буйг дурдлаа.

 


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл

Тус конвенцыг Олон улсын хөдөлмөрийн байгуулагаас нэн тэргүүнд тавигдах конвенц буюу "Засаглалын конвенц" гэж тодорхойлсон байдаг байна. Энэхүү конвенцод 58 улс орон нэгдэж орсон нь хүний эрх, ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх мэдэл, хариуцлага, бие даасан болон тэгш, шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсантай холбоотой байна.

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” тогтоолын зорилтын нэгдүгээрт хөдөө аж ахуйн салбарыг онцлон авч үзсэн байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Конвенц соёрхон батлагдсанаар манай улсын нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд цаашид шинээр батлах буюу хүчингүй болгох хууль, хуулийн зүйл, заалт, хэсэг байхгүй аж.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг 81 дүгээр конвенцод нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилсан байна. Уг конвенцын зарчим, хэм хэмжээтэй Монгол Улсын хууль тогтоомж нийцэж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тус конвенцод 151 улс орон нэгдэж орсон нь хүний эрх, ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх мэдэл, хариуцлага, бие даасан болон тэгш, шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсантай холбоотой байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын үндэсний тогтолцоо, хяналт шалгалт явуулах хүрээ, хамаарах хууль тогтоомж, салбар дундын онцлогийг харгалзан 1947 оны “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод нэгдэн орсноор шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй