МХБХ-ны Үндэсний Дээд лигийн тэмцээний хаврын тойргийн сүүлийн долоо хоногийн тоглолтууд боллоо. Багууд тус бүр 16 тоглолт хийснээр тойргийн үндсэн тоглолтууд өндөрлөж, улмаар тэмцээн цаашид нэмэлт тойргийн тоглолтуудаар үргэлжлэх юм. Ингэхдээ эхний 4 баг 2 тойрог, сүүлийн 5 баг хоорондоо 1 тойрог өрсөлдөж, нэмэлт тоглолтуудыг хийх юм.
"УЛААНБААРТАР"-ЫН ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛ ЗОГСЛОО
Лигийн 16-р тойргийн хамгийн чухал тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Улаанбаатар” болон дэд байрт жагсаж байгаа “Централ Сталлионс” багуудын хооронд боллоо. Энэ учраанд “Централ Сталлионс” баг 1:0 харьцаатай хожиж, бүтэн 3 оноогоо авлаа. Хожлын гоолыг Б.Сүлд-Эрдэнэ 62 дахь минутад хувийн гоцлон тоглолтоор оруулсан юм. 18 настай залуу жигүүр Б.Сүлд-Эрдэнэ сүүлийн 2 тоглолтод “Дэрэн”, “Улаанбаатар” гэсэн хүчтэй багуудын эсрэг дараалан хожлын үнэтэй чухал гоолуудыг орууллаа.
“Централ Сталлионс” баг хэрвээ энэ тоглолтод хожигдвол тэргүүлэгчдээс 8 онооны зөрүүтэй болж холдох байсан юм. Тийм учраас аваргын хувь заяанд чухал нөлөө үзүүлэх боломжтой байсан энэ чухал тоглолтод тэд хожигдох эрхгүй тоглож, бүтэн 90 минутын турш хамгаалалтдаа маш нягт байлаа. Ингэснээр тэд лигийг тэргүүлж буй “Улаанбаатар” багаас ердөө 2 онооны дутуу болж ойртож байна.
“Улаанбаатар” багийн хувьд 41 оноотой хэвээр үлдсэн ч хүснэгтийн тэргүүн байраа хадгалж байна. Харин “Централ Сталлионс” 39 оноотой болж ойртож ирлээ. Багууд ийнхүү тус бүр 16 тоглолт хийж, тойргийн шатны үндсэн тоглолтуудаа 1, 2-р байраар дуусгаж байна.
"УЛААНГОМ"-ЫН АНХНЫ ХОЖИЛ...
“Хоромхон”, “Улаангом Сити” багууд энэ тойрогт учраа таарч тоглосон юм. Дээд лигийн тэмцээнд эхний улирлаа тоглож байгаа “Улаангом” баг өмнөх тойрогт эхний оноогоо аваад байсан бол энэ тойрогт эхний хожлоо авлаа. Тэд 5:2 харьцаатай хожиж, Дээд лигийн тэмцээнээс анхны бүтэн 3 оноогоо авч байна.
Тоглолтын гол баатар “Улаангом Сити” багаас 3 гоол оруулж, хеттрик хийсэн Э.Очирваань байлаа. Тэрээр энэ улиралд нийт 7 гоол оруулсан амжилтаар багаа гоолын үзүүлэлтээр тэргүүлж байна.
Эхний тойргийн тоглолтод багууд учраа тааран тоглоход “Хоромхон” 6:1 харьцаатай хожиж байсан бол энэ удаад “Улаангом Сити” хариугаа авч, ахиц гаргаж чадсан гэдгээ харууллаа. Ингэснээр багуудын онооны зөрүү 2 болж ойртож байна. “Улаангом Сити” ингэснээр нэмэлт тойргийн тоглолтуудад дахин хожил авч чадвал хүснэгтийн байр ахих бүрэн боломжтой болж байна.
"ХАНГАРЬД" 3-Р БАЙРАА БАТАТГАЛАА
“Хангарьд”, “Вестерн” багууд улирлын 16 дахь тоглолтдоо учраа таарлаа. Хүснэгтийн 3-р байрт бичигдэж байсан “Хангарьд” энэ удаад 2:1 харьцаатай хожсоноор 33 оноотой болж, хүснэгтийн 3-р байраа бататгалаа. Тэдний ард “Дэрэн” баг 27 оноотойгоор удаалж байсан учраас энэ тоглолтод заавал хожиж байж байраа хадгалах байсан юм.
Эхний гоолыг Т.Мөнхбаатар оруулсан бол З.Тэмүүлэн 2 дахь гоолыг орууллаа. "Хангарьд"-ын шилдэг довтлогч З.Тэмүүлэн ийнхүү лигийн мэргэн буучдын жагсаалтыг О.Мижиддоржийн хамт адил 14 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.
“Вестерн” багийн хувьд эхний тойрогт “Хангарьд” багт 6:0 харьцаатай хожигдож байсан бол энэ удаад харьцангуй сайн өрсөлдөөнийг үзүүлж чадлаа. Мөн баг нь сүүлийн 10 минутад хүн дутуу үлдсэн ч багийн ахлагч Д.Батболд нэг гоол оруулж чадсан юм.
“Вестерн” баг хаврын тойрог эхлээд 7 тоглолтоос тавд нь оноо авсан сайн үзүүлэлттэй байсан юм. Тэд Дээд лигт тоглосон эхний улирлаа үндсэн 2 тойргийн тоглолтуудаас 5 хожиж, 3 тэнцэж, 18 оноо авсан үзүүлэлт гаргалаа.
"ДЭРЭН" 4-Р БАЙРТ...
Дээд лигийн хүснэгтийн 4-р байрт эрэмбэтэй байгаа “Дэрэн” энэ тойрогт “Ховдын Хүлэгүүд” багтай хаврын тойргийн сүүлийн тоглолтоо хийлээ. Эхний үед "Хүлэгүүд"-ийн хамгаалалт маш сайн байж, хаалгандаа гоол алдалгүй дуусгаж чадсан. Гэсэн ч 2-р хагаст эсрэгээрээ байлаа. Үе эхлээд удалгүй эхний гоолыг багийн хамгаалагч М.Азими өөрийн хаалгандаа оруулж, улмаар Дэрэнчүүд араас нь 5 гоол оруулж чадсан юм.
Багийн мэргэн бууч Б.Өсөх-Ирээдүй энэ тоглолтод 1 гоол оруулж, улиралд нийт 13 гоол оруулсан амжилттай боллоо. Тэрээр мэргэн буучдын жагсаалтын 3-р байрт бичигдэж байна.
Ийнхүү "Дэрэн" баг энэ улирлын 9 дэх хожил 30 дахь оноогоо авлаа. Тэд хүснэгтийн 4-р байрт, дээрээ бичигдэж байгаа “Хангарьд” багаас 3 оноо дутуу хоёрдугаар тойргийн тоглолтуудаа дуусгалаа. Одоо “Дэрэн” баг топ дөрөвт өрсөлдөж байгаа бусад 3 багтайгаа дахин 2 тойрог буюу медалийн өнгө шийдэх чухал 6 тоглолтыг хийх болно.
Багуудын хувьд эхний 4 баг нэмэлт тойргийн 6 тоглолт, сүүлийн 5 баг нэмэлт 4 тоглолтыг хийж, нийлбэр дүнгээр лигийн тэмцээний энэ улирлын шилдгүүд тодрох юм.
| "Дээд лиг"-ийн тойргийн тоглолтууд өндөрлөлөө | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.