Шууд Chart

Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ

2026-06-17 14:56:24

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг)танилцууллаа. Хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссантай холбоотой танилцуулга хийсэн болохыг салбарын сайд Г.Дамдинням мэдээллээ. Түүний хэлснээр Гангийн цогцолбор барих төсөлд олон улсын нээлттэй тендер зарлаж бүх дипломат төлөөлөгчийн газар болон дэлхийн сонгон шалгаруулалт зарладаг олон улсын сайтуудад мэдээллийг түгээжээ. Нэг сар гаруйн хугацаанд нийт 5 аж ахуйн нэгж төслийг сонирхсон бөгөөд хоёр аж ахуйн нэгж шалгарч үлдсэн байна.

Эдгээр аж ахуйн нэгжийг хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулж урилга хүргүүлэх шийдвэр гарсан байна. Аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаанд төслийн дэлгэрэнгүй мэдээллээ өгөх саналыг явуулж, эцсийн байдлаар үнэлсний дараа шалгарсан нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийх төслийн асуудлыг ярилцаж эцэслээд Засгийн газраар оруулсны дараа УИХ-аар танилцуулах чиглэл авсан болохыг сайд Г.Дамдинням яриандаа дурдсан юм.

Тэрбээр "Гангийн төсөл бол Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах, бид байгалийн баялгаа түүхийгээр нь олборлоод шууд экспортлохгүйгээр өөрсдөө дотооддоо боловсруулдаг болох манай Засгийн газрын нэг том төсөл болно. Мөн зэсийн үйлдвэрийн сонгон шалгаруулалтын төсөл явж байгааг та бүхэн мэднэ. Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ялагч тодорсон. Засгийн газар үргэлжлүүлэн хэлэлцээр хийж байна.

Мөн хөнгөн цагааны аж үйлдвэрийн төсөлд шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах болон чөлөө, зөвшөөрлийг олгох бусад асуудлуудыг шийдэж байгаа. Мөн алт боловсруулах үйлдвэрийн асуудал яригдана. Алт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын хэлэлцээр сонирхогч этгээдүүдтэй үргэлжилж байна. Тун удахгүй олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг танилцуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм. Манай Засгийн газар дуусдаггүй олон жил үргэлжилсэн том төслүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хөдөлгөөд явж буй талаарх мэдээллийг та бүхэндээ дуулгая" гэлээ.


Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй