Сүүлийн үед Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч гэх албан тушаалын нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс мөнгө залилан авахыг завдсан болон мөнгө шилжүүлэн авсан тохиолдол бүртгэгдээд байна.
Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр дөрвөн алба хаагч очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар мөнгө, төлбөр, хандив авах нь хуулиар хориотой болохыг анхааруулж байна.
Харин иргэн, хуулийн этгээд нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу “Галын аюулгүй байдлын дүгнэлт” гаргуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1.4-т заасан тэмдэгтийн хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг журамтай болно.
Иймд, дээрх болон үүнтэй төстэй дуудлага, мэдээлэлд сэрэмжтэй хандаж, хувь хүний дансанд мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 101 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.