Шууд Chart

“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав

2026-05-14 09:13:15

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох эрх авахаар баг тамирчдаа бэлтгэж буй 27 спорт холбоодын төлөөлөл, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, Монголын багийн ахлагч болон БТСУХ-той хамтарсан уулзалтыг Олимпик хауст зохион байгууллаа.

Уулзалтын үеэр МҮОХ-ноос “Лос Анжелес-2028” олимпын наадмын онцлох мэдээлэл, зохион байгуулалтын онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулж, мөн Узбекистан, Энэтхэг зэрэг улс орнууд олимпын наадамд хэрхэн системтэйгээр бэлтгэж буй туршлага, бодлогын талаар мэдээлэл өглөө.

Мөн спорт холбоодын цаашдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, Төр засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олимпын наадамд бэлтгэх Үндэсний хороо байгуулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.

Түүнчлэн “Лос Анжелес 2028” олимпын наадам хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх төсөв, төлөвлөгөөг спорт холбоодын санал, хэрэгцээнд үндэслэн боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү уулзалт нь олимпын цикл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, спорт холбоодын оролцоог нэмэгдүүлэх, олимпын бэлтгэлийг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд “Лос Анжелес 2028” Олимпын наадамд Монголын баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах зорилготой юм.

"Лос Анжелес 2028” Зуны XXXIV удаагийн Олимпын наадам нь 2028 оны 7 дугаар сарын 14-30-ны өдрүүдэд 36 спортын төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 11198 тамирчин 353 багц медалийн төлөө өрсөлдөнө.


“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй