Эмнэлгийн хүлээн авах байр эрүүлжүүлэхийн өрөө шиг болсныг хэн хүнгүй ярьж байна. Бүр зарим өвчтөн согтуу иргэдээс залхсандаа эмнэлгээс гарсан тохиолдол ч бий. Энэ мэт яривал зөндөө зовлон эмнэлгийн эргэн тойронд үүссэн. Тэгвэл эрүүлжүүлэх байранд хэн, ямар төрлийн хэрэг, зөрчил гаргасан хүн үйлчлүүлж байна вэ гэдгийг сурвалжлахаар зорив.
Цагдаагийн албаны тухай хууль. Энэ хууль шинэчлэгдэж өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн (хуучнаар) эрүүлжүүлэх байруудыг Албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэдийг хүлээн авч, саатуулах зорилгоор ашиглах болсон билээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Саатуулах байр. Энэ байранд ихэвчлэн захиргааны зөрчил гаргасан төдийгүй гудамж, талбайд танхайрсан иргэд саатуулдаг. Хэдийгээр гурван өрөөнд хүн авч байгаа ч ачаалалтай үед багтах шингэх газаргүй болдгийг цагдаа нар хэлсэн. Тус саатуулах байр хотын төвд байдаг болоод ч тэр үү бусад дүүргийн байрыг бодвол харьцангуй дээр. Гэхдээ хуучны барилга болохоор чийг ихтэйгээс гадна агааржуулагчгүй битүү орчинд байх аж. Зай талбайн хувьд ч давчуу. Ер нь эрүүл ахуй талаасаа хүнд нөхцөлд цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж, бас үйлчлүүлэгчдийг хүлээн авч байна. Энэ зовлон ганц Сүхбаатар дүүргийн саатуулах байранд байгаа хэрэг биш. Бусад дүүргүүдийн хувьд ч байдал адил гэдгийг энд дуулгая.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төвийн зургаа, алслагдсан гурав, Төмөр зам дах Цагдаагийн хэлтсийн нэг саатуулах байр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр саатуулах байрны хувьд хэлтэс, тасгийн байранд долоо, тусдаа хоёр, түрээсийн нэг байртай аж. Эх сурвалжийн хэлснээр саатуулах байрууд хоногт дундаар 250 хүн хүлээн авахаас гадна нэг дүүрэгт 15-35 хүн саатуулагддаг байна.
Ачаалалтай үед өрөөний хангамж муу
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч н.Ёндонпунцагтай энэ талаар ярилцлаа.
-Эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага бие дааж хэрэгжүүлдэг болсноор хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хууль хэрэгжсэнээр эрүүлжүүлэх байрны ачаалал буурав уу, эсвэл эмнэлэг хэцүү байдалтай болов уу?
-Эмнэлгийн байгууллага руу шилжүүлээд хоёр сар болж байна. Ингэлээ гээд эрүүлжүүлэх байрны ачаалал буурсан юм алга. Бид 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг. Хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлнэ гэж заасны дагуу 2-3 иргэнийг хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл, 2-3 дуудлага л эмнэлгийн байгууллага руу шилждэг. Саатуулах байр ачаалалтай үедээ 30-40, энгийн үед 20-иод хүнтэй хонодог.
-Эрүүлжүүлэх байрны эмч гэхээр ямар үүрэгтэй ажилладаг вэ. Мэдээж эмнэлгийн анхан шатны үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс эмнэлэг руу шилжчихээр ажил хөнгөрөх үү?
-Эрүүлжүүлэхэд ирсэн хүний биед ерөнхий үзлэг хийнэ. Амин үзүүлэлтийг нь мөн үзнэ. Эрүүл мэнд нь тэнцэхгүй хүн байвал 103 дуудаж үзүүлээд, эмчийн бичгээр саатуулах байранд хүлээж авна. Архины хордлоготой хүнийг 103-т шууд явуулна. Өндөр настай, даралт ихтэй хүнийг ар гэр рүү нь буцаана. Ерөнхийдөө согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ар гэрийнхэнд нь өгөхийг зорьдог.
-Ар гэрийнхэн нь авахгүй тохиолдолд яах уу?
-Ихэнх нь авдаг.
-Саатуулах байрны тухайд ийм байж. Гэтэл эмнэлгийн байгууллагаас өөр тайлбар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадвартай хүнээ саатуулах байранд авч, орон гэргүй тэнэмэл иргэдийг эмнэлэгт өгч байна гэх болсон. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Төлбөрийн асуудал дээр ярих юм бол захиргааны зөрчил гаргаж, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд саатуулах байранд хүлээж авна. Эрүүл мэндийн байдал тэнцэж байгаа тохиолдолд. Төлбөрийн асуудал яригдахгүй байгаа.
-Саатуулах байрны хураамж гэж хэдэн төгрөг авдаг вэ?
-Хоногийн 4150 төгрөг. Энэ мөнгийг төрийн дансанд тушаадаг. Зарим хүн төлбөрөө төлж чаддаггүй. Тэгэхээр 50 хувийнх нь төлбөрийг авдаг.
-Танай дүүргийн хувьд хичнээн өрөөтэй, хүрэлцээ хэр байх вэ?
-Одоогоор гурван өрөө ашиглагдаж байна. Ачаалалтай үед өрөөний хангамж муу.
-Шөнийн 00.00 цагийн байдлаар 17 хүн байна гэлээ. Өглөө гэхэд хэр хүн ирэх вэ?
¬17 иргэнээс 10 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Жолооны эрхийн үнэмлэхгүй машин барьсан хоёр, гудамж талбайд танхайрсан таван хүн байна.
-Эрүүлжүүлэх байрууд амь тариа нэхжээ-
Тэгвэл газар нутгийн хувьд ч, хүн амаараа толгой цохидог Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байр ямархуу дүр зурагтай байгааг сонирхлоо. Байдал үнэхээр хүнд. Шөнийн 02.00 цагийн үед саатуулах байрны гадна очиход айлын найр, хуримд ирчихэв үү гэлтэй хоолой нийлүүлэн дуулах согтуучууд биднийг угтав. Айх, гайхах зэрэгцэн байж дотогш оров. Үүдний хэсэгт хоёр согтуу хүн хана налан зогсчээ. Тэднийг цагдаа нар манана. Харин эрүүлжүүлэх өрөөнүүд дүүрэн хүнтэй. Бүр зарим өрөөнд хүн хэвтэх нь битгий хэл суухад чихцэлдэнэ. Үнэр танар гэж ярихын эцэсгүй. Яаж ажилладаг байна аа гэмээр. Яг л жорлон. Өрөөнүүдийг тусгаарлах сараалжин төмрийг согтуу иргэд балбах нь чихэнд чийртэй агаад яршигтай. Харин эл чимээ цагдаа нарын чихэнд дасал болжээ. Тэнд хүн орилж, чарлаж сүйд болж байхад наана нь хэв журам сахиулж зогсох тэднийг хараад өрөвдөх сэтгэл төрснийг нуугаад яах вэ.
Уусан архиндаа хөлчүүрхсэн зарим нь “Ам хатаж үхлээ, надад ус авчир. Та нарыг дээ. Муусайн цагдаа нар” хэмээн зандчих нь айдас төрүүлнэ. Зарим хэсэг нь хов зөөж байгаа хүүхэд шиг “Даралт үзэхгүй байна, Агаар дутаж байна. Цонхоо нээгээд өг” гэхчлэнгээр орилох нь төвөгтэй. Уг нь журамд зааснаар нэг хүнд 2х2 хэмжээтэй талбай ногдох ёстой. Тэгвэл тус эрүүлжүүлэх байранд 18 хүний нормтой гэсэн үг. Гэтэл 30-40 хүнийг арай ядан багтааж байх жишээтэй. Тэгэхээр байрны хувьд үнэхээр зай талбай дутмаг, түүнчлэн ажлын байр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц ийм л орчинд цагдаа нар ажиллаж байна, цаана чинь. Адаглаад цагдаагийн албан хаагчдын өрөө гэж байхгүй. Шулуухан хэлэхэд, согтуу иргэдтэйгээ хамт хоног төөрүүлж байна. Эрүүлжүүлэх байрны цагдаа “Ажиллах нөхцөл хүнд. Гэсэн ч бид төрд тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч. Энэ утгаараа хойш суух ёсгүй” хэмээн ярив. Мөн “Согтуу хүмүүс элдэв янзын авир гаргана. Шаардлага тавихаар харааж, загнана. Араас нулимж, нус цэрээ нийнэ. Мөрдэс хуулах гэж оролдоно. Дээр нь хүйтэн орчинд ажиллахаар гар, хөл байнга даардаг” гэлээ. Нээрээ ч эрүүлжүүлэх байрны халаалт маш муу. Эрүүлжүүлэх байранд ороод хэдхэн минут болоход айдас хүрч, бушуухан гарахын түүс болж байхад тэнд 24 цаг үүрэг гүйцэтгэж ажиллана гэдэг амаргүй даваа. Гэвч цагдаагийн албан хаагчид ажилласаар. Бүр ухаан мэдрэлгүй болсон иргэдийн тав тухыг хангах гэж зүтгэж явна. Өнөөх эмнэлгийн хүлээн авахад үүссэн согтуу хүний асуудал юу ч биш. Харин ч хүнд нөхцөл энд л байна гээд хэлчихмээр санагдсаныг нуулгүй хэлье.
Эрүүлжүүлэх байр эвгүй нэршил ч нийгэмд хэрэгтэй объект. Ялангуяа архидан согтуурах явдал ихэссэн энэ үед хамгийн хэрэгтэй тусгаарлах газар. Тэгэхдээ төр засгаас стандартад нийцсэн,эрүүл ахуйн шаардлага хангасан тийм нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Гэтэл хэдэн жилийн өмнөх эрүүлжүүлэх байрны дүр зураг өнөөдөр ч хэвээрээ байх юм. Эмгэнэл гэж энэ. Эрүүлжүүлэхийн үйл ажиллагааг хөнгөвчлөх гэж эмнэлгээ хүртэл эрүүлжүүлэх болгосон улс манайхаас өөр хаана ч байхгүй биз. Гэхдээ хуулийн орчинг нь сайжруулах гэж байна гээд муужруулав уу гэлтэй болжээ. Өдөр, шөнөгүй эрүүлжүүлэхэд ажиллаад ээлжээс буусан цагдаагийн хувцаснаас эвгүй үнэр ханхалж, энд тэнд явахаар хүн зугтах энүүхэнд байдгийг эх сурвалж хэлсэн. Түүнчлэн хэрэг, зөрчил гаргаж түр саатуулагдсан иргэдийн хувьд ч цэвэр, аюулгүй орчинд хоног төөрүүлэх учиртай. Гэтэл эрүүлжүүлэх байр энэ бүгдийг хангаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх байрууд амь тариа нэхжээ.
Эрүүлжүүлэх байрны үйлчилгээний хөлс хоногийн 4150 төгрөг. Үүнд, эмнэлгийн анхан шатны тусламж 500, хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх 500, утсаар яриулах 200, халуун хоол, цайгаар үйлчлэх 1250, гэрт нь явганаар болон машинаар хүргэж өгөхөд км нь 350 төгрөг ордог аж. Түүнчлэн саатуулах байрны эмч тухайн иргэнд анхан шатны үзлэг хийж биеийнх нь аль хэсэгт гэмтэл, бэртэл, шарх сорви байсныг тэмдэглэдэг баримт бий. Энэ мэт эрүүлжүүлэх байрны үйлчилгээ үргэлжилнэ. Тэгвэл нэг хоногийн хөлс 4150 төгрөг юм бол өдөрт хэдэн хүн орж ирнэ түүний хэрээр мөнгө цуглана гэсэн үг. Харин энэ мөнгө эрүүлжүүлэх байранд тусгагдахгүй төрийн данс уруу орсноор хаашаа хэнд зарцуулагддаг нь тодорхойгүй алга болдог. Зүй нь эрүүлжүүлэх байр олсон орлогоороо санхүүжвэл засвар үйлчилгээ, доторх орчноо элбэг тохижуулах боломжтой юм билээ. Гэтэл иргэдээс хоногийн мөнгө авдаг нэрийг цагдаа нар зүүж, хачир дээрээ төрийн данс руу орлого нь орж байгаа явдал зүйд үл нийцмээр.
Судалгаанаас харахад, өнгөрсөн оны байдлаар 64943 хүн саатуулагджээ. Үүнээс 21985 нь гудамж талбай, олон нийтийн газраас, 37978 нь орон сууцнаас, 2835 нь байгууллага, аж ахуйн нэгжээс, 238 хүн үзвэр үйлчилгээний газраас, 1403 нь баар цэнгээний газраас, 643 нь зочид буудлаас, 926 нь бусад газраас саатуулагдсан гэх мэдээлэл байна. Мөн нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн байгууллагад согтуугийн 67379 дуудлага, мэдээлэл ирснээс 64943 хүн буюу 96.3 хувь нь саатуулах байранд, 2436 хүн буюу 3.7 хувь нь эмнэлгийн байгууллагад шилжүүлж эрүүлжүүлсэн аж. Дээрх баримтаас үзэхэд, эмнэлгийн байгууллага дангаараа ачаалалтай байгаа юм биш, эрүүлжүүлэх байрууд ч хүн ихтэй байна. Тэгэхээр нийгэмд архидан, согтуурах явдал газар авчихаж. Энэ бүгдийг хуулиар хазаарлаж, эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрыг согтуу иргэдээс чөлөөлж өгөх эрхэм үүрэг хууль сахиулагч нарт тулгарч буйг анхааралдаа авч ажил хэрэг болговол тун зүгээрсэн. Архины хуулийг чангатгаж, албан хаагч нарынхаа ажлыг хөнгөвчлөхгүй бол горигүй нь, хууль сахиулагчид аа. Цаана чинь эмнэлгийн эмч, эрүүлжүүлэхийн цагдаа нар согтуу иргэдтэй улаан гараараа тулж байгааг анхаарч үзнэ үү.
Наар нь хүрэлцэхгүй болохоор зарим хүн плита дээр хэвтдэг
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Ё.Ганцоожтой ярилцлаа.
-Эрүүлжүүлэх байрны нөхцөл байдлыг харахад үнэхээр хүндрэлтэй харагдаж байна. Үнэр танар гэж авах юм алга. Ийм нөхцөлд ажиллахад хэцүү биз дээ?
-Цагдаа нарын хувьд үнэхээр хэцүү. Камер руу оронгуут үнэр нь аймаар. Ирж байгаа хүмүүсийн тоо олширч ачаалал хэтэрсэн. Нэг хүнд хоёр ам.метр талбай ногдох ёстой. Гэтэл талбай бага. Ажиллаж байгаа хүмүүсийн хувьд шүд нь суларч, үс нь унадаг. Ажиллах орчин хүйтэн учраас хэцүү.
-Эрүүлжүүлэх байранд хэдий хэмжээний төсөв тусгагддаг юм бэ?
-Төсөв гэж байхгүй. Хангалтгүй болохоор үзлэг хийх бээлийгээ хүртэл худалдаж авдаг.
-Согтуу хөлчүү хүмүүсийн хэл ам гэж хэцүү харагдаж байна?
-Ихэнх нь хэл амаар доромжилно. Араас нулимна.
-Камер дотор байгаа хүмүүс хоорондоо зодоон хийх тохиолдол гардаг уу?
-Гарна. Байнга хянаж, зодоон гарсан тохиолдолд гавлана. Хүмүүсийг тусгаарлах боломж байхгүй. Учир нь гурван камер хүнээр дүүрчихдэг.
-Нэг камерт хэдэн хүн оруулж байгаа вэ?
-Хэлтсийн даргаас үүрэг өгсөн. Гурван камерт 40-өөс дээш хүн оруулахгүй гээд.
-Гэтэл 40 хүнээс хэтэрчихвэл хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Бусад дүүргүүдтэй ярьж байгаад шилжүүлнэ.
-Хамгийн их ачаалалтай дүүргүүдийн нэг байх аа?
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хамгийн их ачаалалтай байдаг.
-Эрүүлжүүлэх байранд эрүүл ахуйн шаардлага тавигдах ёстой байх. Гэтэл танай байранд агаар гэж алга. Дээр нь орчин...?
-Үйлчлэгч өдрийн найман цагаар ажилладаг болохоор хааяа өөрсдөө цэвэрлэнэ.
-Зарим хүн даараад байна. Нөмрөг өгөөч гээд байх юм. Хүрэлцэхгүй болохоор өгдөггүй юм уу?
-Цөөхөн нөмрөг байдаг болохоор хүрэлцдэггүй. Тэгээд хэдэн хүнд тараахаар хоорондоо булаацалдаж зодоон хийдэг.
-Тэгэхээр эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн эрх ч зөрчигдөж байна шүү дээ?
-18 хүн орох ёстой өрөөнд чихээд оруулсан. Эрх нь зөрчигдөж л байгаа. Наар нь хүрэлцэхгүй болохоор зарим хүн плита дээр хэвтдэг.
Эрүүлжүүлэх байр эмнэлгээс дутах юм алга | ||
Үзсэн: 3833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.