Шууд Chart

Маргааш “Дэлхийн цаг 2026” арга хэмжээ дэлхий даяар болно

2026-03-27 17:27:24

Маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 28-нд дэлхий даяар “Дэлхийн цаг” арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ үеэр улс орнууд орон нутгийн цагаар 20:30-21:30 цагийн хооронд гэрэл, цахилгаанаа нэг цагийн турш унтрааж, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалдаг уламжлалтай.

Энэхүү арга хэмжээг анх 2007 онд Австралийн Сидней хотод зохион байгуулж байсан бөгөөд өнөөдөр дэлхийн 190 гаруй улс орон, олон сая иргэн, байгууллага нэгдэн оролцдог дэлхийн хэмжээний хөдөлгөөн болж өргөжсөн байна.

Жил бүр “Дэлхийн цаг” арга хэмжээнд дэлхийн томоохон хотуудын алдартай барилга байгууламжууд гэрлээ унтраадаг уламжлалтай. Үүнд Эйфелийн цамхаг, Биг Бен, Сиднейн дуурийн театр, Нью-Йоркийн Эмпайр Стэйт барилга зэрэг олон улсын бэлгэдэл болсон байгууламжууд багтдаг.

Байгаль хамгаалагчдын үзэж буйгаар уг арга хэмжээ нь зөвхөн нэг цагийн цахилгаан хэмнэхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс ч энэхүү дэлхийн хэмжээний санаачилгад жил бүр нэгдэн оролцдог бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд гэрлээ унтрааж, байгаль орчныг хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Эх дэлхийн цаг-2026” арга хэмжээг “Уул ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 28-ны бямба гарагт Zaisan Hill Complex-д 13:00 цагаас эхлэх бөгөөд олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Тус өдөрлөгийн үеэр мөнх цаст уулс, мөсөн голд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харуулах гэрэл зургийн үзэсгэлэн, уулын экосистемийн бэлгэдэл болсон цоохор ирвэсийг хамгаалах ач холбогдлыг таниулах арга хэмжээ, open mic, doodle booth, азын хүрд зэрэг олон төрлийн хөтөлбөр зохион байгуулагдах юм.

Та бүхнийг байгаль орчныг хамгаалах үйлсэд нэгдэж, маргааш оройн 20:30 цагт гэрлээ унтраан “Дэлхийн цаг-2026” арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Маргааш “Дэлхийн цаг 2026” арга хэмжээ дэлхий даяар болно  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй