Шууд Chart

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

2026-03-26 14:22:56

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, "Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн төслийг 2025 оны 11 дүгээр сард ХЗДХЯ-наас УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ.

Гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны чиглэл, хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэг, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог тус хуулийн төсөлд зохицуулж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.

Гэр бүлийн хөгжлийг дараах чиглэлээр дэмжихээр тус хуулийн төсөлд тусгасан. Үүнд:

  • Орон сууцны дэмжлэг
  • Ажил амьдралын тэнцвэрийг хангах
  • гэр бүлийн боловсролыг дэмжих
  • Эрүүл мэндийг дэмжих
  • Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх
  • Гэр бүлийн өдрийг тэмдэглэх

Мөн жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулдаг болохоор тусгасан.

Ажил амьдралын тэнцвэрийг хангах хүрээнд гэр бүлийн асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа ажилтанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор жилд нэг удаа гурав хүртэл сарын хугацаанд хангах, Сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагддаг ажилтан хүүхдээ хүргэж өгөх, авахад зориулж ажлын цагийг 2 хүртэл цагаар богиносгох, Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авахад ээлжийн нэмэгдэл амралтын хугацааг ажлын хоёр өдрөөр нэмэгдүүлэх зэрэг заалтууд орсон.

Хууль батлагдсанаар хүн амын өсөлт нэмэгдэж, гэр бүлийн тогтвортой байдал дээшилж, гэр бүлийн амьдралын чанар сайжрах, нийгэмд гэр бүлд ээлтэй орчин бүрдэхэд ихээхэн ахиц гарна гэж хууль боловсруулагчид үзэж байна.

Дашрамд дурдахад, Манай улс 2024 оны жилийн эцсийн байдлаар 997.0 мянган өрхтэй, үүнээс 691,305 хот суурин газарт, 305,718 нь хөдөө амьдарч байна. 2023 оны байдлаар өрх толгойлсон ганц бие эцэг, эх – 66,813 байгаагаас 11,950 нь өрх толгойлсон ганц бие эцэг байна. 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч байгаа хэдий ч гэр бүл цуцлалтын тоо төдийлөн буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, 5 хувиар нэмэгдсэн байна.


Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй