Шууд Chart

Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ

2026-03-25 16:19:00

Улаанбаатар хотод нийт 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн үе шаттай дулаалж байна.

Угсармал орон сууцуудыг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг олон давуу талтай юм.

Тухайлбал, “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023–2027 онд хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 45 барилгын дулаалгын ажил үргэлжилж байна.

Тухайн байршилд өнөөдөр албаны хүмүүс ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг үе шаттай дулаалж байна. 2025 оны байдлаар 370 блок орон сууцыг дулаалсан. 2025-2027 онд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд нийт 210 орчим блок угсармал орон сууцыг дулаална. Үүнээс 2025-2026 онд 115 блок орон сууцыг дулаална. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж, металл фасад, хөнгөн цагаан рам барьж байна. Фасадаас гадна дээврийн дулаалга, дээврийг мембранаар солих, узель солих ажил хийгдэнэ. Дулаалгад эрдэс хөвөн ашиглаж байгаа нь их онцлогтой. Эрдэс хөвөн нь гал дэмждэггүй, насжилт удаан, чийг татах зэрэг хүндрэлтэй байдал үүсгэхгүй.

Нийслэлээс гал дэмждэг хөөсөн дулаалгыг зогсоож, эрдэс хөвөн, металл, чулуун фасад бүхий орчин үеийн чанартай материалаар барилга орон сууц дулаалж, барихыг дэмжиж байгаа. Үүний нэг жишээ бол энэхүү төсөл. Угсармал орон сууцны дулаалгын чанар, аюулгүй байдалд иргэд хөндлөнгийн хяналт тавьж байгаа” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг дулаалснаар Дулааны 2 дугаар цахилгаан станцын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэхүйц хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү “Угсармал орон сууцны дулаалгын ажлын гүйцэтгэлд өдөр тутмын байнгын хяналт тавьж байна. Германаас мэргэжилтэн ажиллаж байна. Долоо хоног тутамд бүх барилгаа эргэж, чанартай материалуудыг технологийн дагуу хэрэглэж байна уу гэдгийг хянадаг. Галд шатдаггүй эрдэс хөвөн материалтай 15 см зузаан дулаалгыг хананд технологийн дагуу бэхэлж суулгаж байна. Энэ харагдаж байгаа хөх өнгөтэй материал бол салхи нэвтрүүлдэггүй дотроос үүссэн чийгийг чөлөөтэй гадагш гаргадаг “амьсгалдаг тууз” гэж ч нэрлэдэг. Технологийн дагуу зааг завсаргүй бүрж, мөн металл өнгөлгөөг хийж байна” гэв.

Угсармал орон сууцны дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа "Буяннэмэх интер" ХХК-ийн захирал Б.Хишигбаяр “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 5 блок байрны дулаалгын ажлыг гүйцэтгэж байна. Оршин суугчид тун сэтгэл ханамжтай, илүү дулаахан болсныг хэлж байна. Фасад засвар нэгдүгээр сараас эхэлсэн. Тавдугаар сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн санхүүжилтийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн хөрөнгө оруулалт, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Үндсэн хэрэгжүүлэгчээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажиллаж байна. Энэхүү дулаалгын төслийг үр ашигтай, иргэнд ээлтэй байдлаар төлөвлөж, оршин суугчид хяналт тавин ажиллаж байгааг албаны хүмүүс онцолж байна.


Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй