Улаанбаатар хотод энэ онд 20-иод сургууль ашиглалтад орсон. Гэтэл нэгдүгээр анги нь гэхэд л 16 бүлэгтэй, нэг анги нь 50 орчим хүүхэдтэй сургууль Улаанбаатар хотын төрийн өмчийн дунд сургуулийн талаас илүү хувийг эзэлж байна. Эрэлтээ хангахын тулд жилд 100 сургууль шинээр барьсан ч энэ байдал өөрчлөгдөхгүй байх талтай. Тавин хүүхэдтэй ажиллаж байгаа ганц багшийг та хичээлээ муу заалаа, улсын сургуулийн сургалт муу, хүүхдийг хөгжүүлэхгүй, хүмүүжүүлэхгүй байна гэж шүүмжлэх эрх байхгүй. Өмнө нь нэг ангид 35 хүүхэд сургаад болоод л байсан зохицуулалт одоо яагаад барилга, байшин нэмж барьсан ч 50 гэдэг тоон дээр очоод гацчихсан юм бол. Үүнд мэдээж, хүн амын өсөлт нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн. Сумд эзгүйрч сумын сургууль сурагчгүй болж байхад харин эсрэгээрээ хотод анги танхим хүрэлцэхгүй байна. Суманд аав, ээжид нь ажил олдохгүй, эсвэл сумын сургуулийн сургалт муу гэдэг шалтгаанаар хөдөөгийнхөн хот руу нүүсээр л байна. Хэдэн малчин, хилчдийг эс тооцвол зах хязгаар нутаг хүн амьтангүй хоосорсоор л байна.
Нийслэл хотын хамгийн их ачаалалтай сургуулиудын нэг Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургуулийн дүр зургийг жишээ болгон татъя. Байгаа бүх анги танхимдаа байж болох бүх зай завсрыг гаргаж, сандал, ширээ тавин хүүхдээ сургаж байна. Зөвхөн 1-3 дугаар ангид нь 1600 орчим хүүхэд сурдаг. Нэгдүгээр анги нь 16 бүлэгтэй, нэг ангид 35-50 хүүхэд сурч байна. Намайг бага байхад 1-ын а, б, в, г гээд дөрвөн бүлэгт хуваагддаг байсан бол одоо 1-ын ч, ж бүр о, л гэсэн бүлэгтэй хичээллэж байна.
Одоо нэг амархан тоо бодож үзье. Нэг ангид дунджаар найман хүүхэд орон нутгаас шилжиж ирдэг юм бол зөвхөн нэгдүгээр ангийн хэмжээнд гэхэд л 100-гаад хүүхэд ирсэн болж байна. Зуд болсон жил энэ тоо бүр их өсдөгийг ч захын сургуулийнхан андахгүй. Ирэх намар илүү их ачаалалтай ажиллана гэж сэтгэл зүйгээ бэлтгээд сурчихсан. Томчуул нь ингээд хувь заяатайгаа эвлэрээд сурсан, сургасан хүндхэн он жилүүдийг үдэж байгаа бол харин энэ дунд багачууд ядарч, зутарч байна.
Хотын захын гэгдэх Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг гэлгүй хотын төвийн сургуулиуд ч ийм ачаалалтай ажилласаар хэдэн жилийн нүүр үзэж байна. Арайхийж шинээр нэг сургууль ашиглалтад орж байхад нөгөө талд нь хуучин сургууль актлагдаж, нэг сургуулийн байранд хоёр сургуулийн сурагч нийлж хичээллэдэг гээд Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал жирийн иргэдийг бухимдуулж байна.
Гэтэл хөдөөд харин байдал эсрэгээрээ нэг ангид хоёрхон хүүхэд сурч байх жишээний. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургууль нийтдээ 72 сурагчтай. Тус сургууль 1935 онд байгуулагдаж, социализмын үеийн ид бүтээн байгуулалтын үед Сэргэлэн суманд сүүний чиглэлийн 800 үнээний ферм байгуулж, эндэхийн 320 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 800 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байсан сайхан дурсамж бий. Харамсалтай нь 1995 онд энэ ферм хувьчлагдаж, эндэхийн саальчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, зах зээл ч эхэлсэн тул амьдралаа хөөн хот, хүрээ рүү нүүж эхэлсэн. Энэ л цагаас Сэргэлэн сумын сургуулийнхан цөөхүүлэхнээ байхын бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 1-8 дугаар ангид 72 сурагч сурч байна. Уг нь энэ сургууль 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бас тус бүр нь 54 хүүхэд амьдрах зориулалтын дотуур байртай. Дээхэн үед малчдын хүүхэд олноороо сурдаг байсан тул хоёр ч дотуур байр дэргэд нь барьж өгч байжээ.
Энд ажиллах хэдхэн цагийн дотор би нэг л юмыг маш сайн мэдэрсэн. Өөрсдөөс нь шалтгаалаагүйг мэдсээр байж цөөхүүлэхнээ сурч байгаадаа эмзэглэдэг. Хотын сургуулийн 55 хүүхэдтэй ангиас хоёр, гурван хүүхэд шилжихэд бараг л багш нь “Өө болж дээ” гэдэг бол харин тэд хэн нэгнээ шилжих болоход бяцхан зүрх нь бөөн гунигт автдаг. Хатуухан хэлэхэд, тэдний хөндүүр сэдэв цөөхүүлэхнээ сурдаг болчихоод байгаа. Харин багш нар нь сурагчиддаа цөөхүүлэхнээ сурахын давуу талыг их сайн сурталчилж, хүүхдүүдийг сэтгэл зүйгээр байнга өргөдөг нь ч анзаарагдаж байсан юм. Олуулаа байвал илүү хөгждөг, өрсөлддөг. Бас хүүхдийнхээ тоогоор хувьсах зардлаараа санхүүждэг өнөө цагт цөөхөн сурагчтай байна гэдэг сумын сургуулийн хувьд урсгал засвар, сургалтын тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилтнуудаа шагнаж урамшуулах, өвлийн цагт түлээ нүүрсээ базаах, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөө хэмнэх гээд яг хямралын үе шиг байнга хэмнэлтийн горимоор ажиллах хэрэгтэй болдог. Энэ байдал нь эргээд энд ажиллаж байгаа багш нарт ч бас хүндхэн тусч, боломж гарвал л өөр газар руу шилжих, ирээдүйгээ бодоод хэцүү ч гэсэн хамт олноо орхиход хүрдэг байна. Сэргэлэнчүүд сумынхаа сургуульд хүүхдээ сургалгүй хаашаа шилждэг вэ гэсэн асуултад "Хот руу нүүнэ. Бас Налайх дүүрэг рүү, эсвэл аймгийн төвөө бараадна. Мөн Сэргэлэн суманд хурдан морь уядаг уяач олонтой, хийх ажил суманд нь олдохгүй тул амьдрахын эрхээр хүүхдээ хурдан морь унуулж, бусад сумыг бодвол энд сургууль завсардалт их. Тийм хүүхдүүд нь Биокомбинатад амьдардаг" гээд олон шалтгааныг хэлж байсан. Ирэх хичээлийн жилд гэхэд л нэгдүгээр ангид орох насны 23 хүүхэд бүртгэлтэй байна. Гэтэл тэднээс судалгаа автал 12 нь Налайх руу хүүхдээ сургана гэсэн хариулт өгч энэ сургуулийнхныг гонсойлгоод байгаа гэнэ. Энэ сургууль 13 багштай. Нэг багшаар нэг л хичээл оруулна гэвэл төсөв мөнгө нь хүрэлцэхгүй. Иймд багш нараа хөрвөх чадвартай болгож, математикийн багш нь мэдээлэлзүйгээ, орос хэлний багш нь англи хэлний хичээл заана гээд хэрэндээ л тэд оршихын тулд тэмцэж, дасан зохицож байна.
Гэхдээ энэ нь эргээд Сэргэлэн сумын сургуулиас Математикийн улсын олимпиадын аварга, эсвэл Аймгийн тэргүүний ангийг төрүүлэх боломжийг олгохгүй. Учир нь шилдгийг төрүүлэх боломжийг сум эзгүйрч хоосорч байгаа нөхцөл өөрөө олгохгүй байна. Энэ удаад Төв аймгийн Сэргэлэн сумыг газар нь ойр юм гэдгээрээ л сонгосон. Яг ийм байдалтай сумын сургууль хөдөөд олон л байгаа. Энэ бол манай хөдөөд байгаа нийтлэг төрх. Тэгвэл малчин монголчууд бидний дэлхийн түмнээс ялгагдах нүүдлийн соёл иргэншлийг нуруундаа үүрч, хязгаар нутгийн харуул нь болж яваа хүмүүс гэдэг утгаар ийм цөөхөн хүн амтай, бас нийлүүлье гэхээр нэг л болж өгдөггүй тархай бутархай сумд, чадамж сул сумын сургуулиудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Үүнийг өнгөрсөн 25 жилийн амьдрал бэлхэнээ харууллаа.
Одоо эндээс гаргалгаа гарц хайя. Хот үндсэндээ хөдөөнөөс шилжин ирэгсдээр дүүрээд байна. Нэгэнт л үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн амьдран суух газраа өөрөө сонгоно гээд заагаад өгчихсөн тул хөдөөнөөс шилжин ирэгсдийн эрхийг бас хүндэтгэх хэрэгтэй. Нөгөө талдаа хотын унаган иргэдэд ч гэсэн боловсролын чанартай үйлчилгээ шаардах эрх нь байгаа. Энэ хоёр эрхийн дундаас сумын сургуулийг чадавхжуулж, хүүхдээ чанартай сургуульд оруулна. Уг нь асуудлыг сайн нягталвал шийдэх гарц харагдаад л байгаа. Хэт өндөр төлбөртэй хотын хувийн сургуульд өгч байгаа хувьсах зардлыг танаад яагаад сумын сургууль руу санхүүжилтийг оруулж болохгүй гэж. Хэрвээ сумын сургууль чадалтай, чадварлаг багш нартай, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд нэмэлт цалин урамшуулал олгодог, нийгмийн асуудлыг нь шийдээд өгчихдөг болчихвол хот руу нүүх гэж байсан 10 айлын гурав нь энэ шийдвэрээсээ татгалзана. Энэ нь эргээд хүүхдэд нь ч тустай. Хэдэн малаа борлуулаад хотын сургууль л сайн, хүүхдийнхээ ирээдүйг бодоод хот руу нүүлээ л гэдэг. Энд ирээд хөлөө олж, боломжийн амьдрах нэгэн байхад бодит байдал дээр унаа тэрэг явдаггүй, уулын орой дээр, гэрэл цахилгаангүй газар гэрээ барьж буух нь бүр олон. Шинэ газарт дасан зохицож чадалгүй архинд орж, амьдралаа үрсэн гашуун сургамж ч бий гээд сумын хөгжил сул байгаагаас үүдэлтэй тулгамдсан олон асуудлыг цэгцэлсэн дорвитой өөрчлөлт хийх цаг хэдийнэ болжээ.
Бодлогын гажуудлын улмаас 60 хүүхэдтэй ангид хүү эсвэл охиноо сургаж, багш нь хичээлийн 35 минутын хугацаанд танай хүүхдийн гэрийн даалгаврыг нь шалгаж амждаггүй. Хэрвээ бүх хүүхэдтэй тулж ажиллана гэвэл ердөө 25 секунд л ногдож байгаа ийм боловсролын үйлчилгээг та хүссэн үү. Жил бүр байгаа төсвийнхөө ихэнхийг сургууль, цэцэрлэгийн барилга руу оруулдаг. Гэтэл юу өөрчлөгдсөн бэ. Байдал хэвээрээ л байна. Баахан байшин барилга барьснаар энэ асуудал цэгцрэхгүй гэдгийг цаг хугацаа нотлоод өглөө. Одоо тэгвэл аргаа өөрчилж, сумын сургуулийг өөд татъя, хөгжүүлье. Монголыг хөдөөгүй, бүр малчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл малчдын голдуу хүүхдүүд сурдаг сумын сургуулийг чадавхжуулахгүй бол "өөх ч биш, булчирхай ч биш" энэ байдал үргэлжилсээр л байна. Дахиад хэдэн хичээлийн жилийг заасан, заалгасан болж өнгөрөөж, энэ дунд хүүхэд хохирч үлдэх вэ дээ.
| Хөдөөгийн сургуулийн 2 хүүхэдтэй анги ба хотын сургуулийн 50 хүүхэдтэй анги | ||
| Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.