Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ази, Номхон далайн орнуудаар айлчилж байна. Тэрбээр Ханойд тавьсан илтгэлдээ Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө бусад улс орнуудтай хамтран ажиллах болно гэж амласан байна.
Шинзо Абэ Филиппин, Австрали, Индонезид айлчилсныхаа дараагаар Вьетнамд ирээд байна. Үүгээр түүний айлчлал өндөрлөж байгаа юм. Тэрбээр өчигдөр Ханойд тавьсан илтгэлдээ өөрийн айлчилсан улс орнуудыг Япон улсын хамгийн ойрын түнш бөгөөд газарзүйн хувьд Номхон далайг болон суурь үнэт зүйлсээ хуваалцаж байгаа сайн хөршүүд гэж онцолсон байна. Филиппин, Индонези, Австрали, Вьетнамын төрийн тэргүүн нар бүс нутгийн аюулгүй байдал, улс орнуудын бие даасан байдлыг хангах нь нэн тэргүүний чухал асуудал гэдэг дээр Шинзо Абэтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн гэж "Эн Эйч Кэй" агентлаг уламжилж байна. Мөн Хятад улс далай тэнгис дээрх үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа энэ үед Япон улс бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болно гэдгээ ч Шинзо Абэ мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд Австрали болоод Вьетнамын Ерөнхий сайд нартай Ази, Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээний талаар ярилцсан байна. Япон улс энэ гэрээний нэг хэсэг болохынхоо хувьд үйл ажиллагааг нь илүү үр ашигтай, чанартай, өргөн хүрээг хамруулахын тулд улс орнуудыг гэрээнд нэгдэхийг уриалж байгаа юм. Гэвч үүнд хамгийн чухал үүрэг, оролцоотой АНУ тус гэрээнээс гарах болно гэдгийг Дональд Трамп амласан нь гишүүн орнуудын хамтын үйл ажиллагааг сулруулах эрсдэлд хүргээд байгаа юм.
Шинзо Абэг Ази, Номхон далайн улс орнуудаар хийж байгаа айлчлалынхаа үеэр далай тэнгисийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг нь Хятад улс эрс шүүмжилж байна. Учир нь Абэ Номхон далайн усан орон зайг хуваан эзэмшдэг Австрали, Филиппин, Индонези, Вьетнамын төрийн тэргүүнүүдтэй уулзах үеэрээ Хятадын Зүүн Хятадын тэнгис болоод Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаа эрс идэвхжиж байгааг онцлоод, далай тэнгисийн хууль дүрмийг баримтлахын ач холбогдлыг авч хэлэлцсэн байна. Үүнийг нь Хятадын талаас эрс шүүмжилж, улс орнуудын хооронд яс хаясан хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньян өчигдөр энэ тухай мэдэгдэхдээ “Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал Хятад болоод АСЕАН-ы орнуудын хүчин чармайлтын үр дүнд харьцангуй тогтвортой болсон. Улс орнуудын хоорондын газар нутгийн маргаанаас үүдэлтэй хямрал зөрчилдөөний нөхцөл байдал харин ч зөв зам мөр рүүгээ шилжиж байгаа. Ямар ч дайсагнасан, зөрчилдсөн зүйл байхгүй” гэсэн байна. Мөн тэрбээр Японы Ерөнхий сайдыг бүс нутагт зөрчил үүсгэж, маргаан дагуулах зүйл ярьж явааг нь эрс шүүмжилж буруутгасан байна.
| Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ази, Номхон далайн орнуудаар айлчилж байна | ||
| Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.