![](/uploads/201802/news/thumb/340b3ca6aeed2403093aee0c0b71af35_x3.jpg)
Дэлхийн түүх соёлын гэрч, урлагийн сор бүтээлүүдийн өлгий Луврын музей, мөн Францын Версалийн хааны ордныг монгол хэлээр тайлбарлах албан ёсны эрх авсан анхны монгол хүн бол Галсангийн Оюунтунгалаг юм. “Парис тур дэлхийгээр аялуулна” компанийн үүсгэн байгуулагч, ОУ-ын музейн тайлбарлагчдын хорооны гишүүн түүнийг компанийнхаа ажлаар эх орондоо түр ирээд байхад нь уулзлаа. Будаггүй цайвар царай, шууж самнасан үс, даавуун цамц, жийнсэн өмд, түрийтэй хар гутал, элдэв чимэггүй гадаад төрх, энгийн харилцаа нь намайг шууд л тайвшруулж, хэзээний танилтайгаа уулзсан мэт дотно сэтгэл төрүүлэв.
-Монгол аялагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Зургаан жилийн өмнө та Луврын музейг үнэ төлбөргүй тайлбарлаж үйлчилнэ гэж нүүр номоороо мэдэгдсэний дараа олон хүн асууж лавласан уу?
-Би 2012 онд Луврын музейг эх хэлээрээ тайлбарлах эрх авчихаад монголчууддаа хоёр жил үнэгүй үйлчилсэн. Намайг зориод очвол би баярлаад л гүйдэг. Ганцаараа очсон хүн дараа нь гэр бүлээ дагуулаад ирнэ. Гэхдээ л миний үйлчлүүлэгсдийн 100-ны дөнгөж нэг хувь нь монголчууд байдаг. Францад очсон монголчуудын 2-5 хувь нь надаар үйлчлүүлдэг. Тиймээс би монголчуудад үйлчилж байгаа хүмүүст бас зааж, туслахыг хичээдэг. Монголчууд маань танин мэдэхүйн аялалд бага анхаардаг шиг санагддаг. Венецид очоод Сан Маркийн талбайд зурагаа авахуулсан мөртлөө тэр сүмийг яагаад Гэгээн Марк гэж нэрлэснийг, тэнд яагаад алтаар сүм байгуулсныг, гаднаас нь харахад Станбулд явж байгаа юм шиг атал дотроо яагаад өөр байдгийг сонирхохгүй орхичихдог. Өчнөөн мөнгө төлөөд аялж байгаа мөртлөө тархиндаа мэдлэг авч чадалгүй буцвал хайран шүү дээ. Үйлчилж буй компаниудын буруу ч байж магадгүй. Парисаас Женев хүртэлх 500 км замыг 7-8 цаг машинаар туулдаг. Гэтэл эдгээр хотын хооронд хурдны галт тэргээр ердөө гуравхан цаг явж болдог. Европын хотууд бүгд хурдны галт тэргээр холбогддог. Үнэ нь ч маш хямд. Хамгийн холдоо Австриас Чех хүртэл 3 цаг 40 минут л явна. Үүнээс гадна, тав хоногт таваас олон орноор аялуулдаг компани ч байна. Ийм урт замыг тийм богино хугацаанд яаж туулж, юм үзэж чадах юм бэ. Энэчлэн хамаг мөнгөө өгчихөөд тархиа цэнэглэхгүй буцаж байгаад би их харамсдаг. Монголчууддаа үйлчилье гэж яаравчилсны минь учир ч энэ. Би монголчуудаа дэлхийгээр аялуулж юм үзүүлэхийг хүсч байна. Нэгэнт төлбөрөө төлсөн бол юм үзэж харж, мэдэж, тархиа цэнэглэж авах хэрэгтэй. Тэд энэ бүхнээ үр хүүхдүүддээ дамжуулж хэлж өгнө. Эх орондоо ч их юм хийнэ. Бид мэдлэгтэй байж л улсаа хөгжүүлнэ.
-Та дэлхийн урлаг соёлын төв болсон Парист амьдарч, урлагаар амьсгалж, тэжээгдэж, урлагийн сайхныг олонд түгээж явна. Ер нь урлаг гэж таны бодлоор яг юу юм бэ?
-Уран зураг, хөгжим, дуу, уран баримал, уран барилга, кино урлаг зэрэг урлагийн үндсэн долоон төрлөөс би гуравтай нь илүү ойр ажилладаг. Ирээдүйд компьютер урлагийн найм дахь төрөл болох байх гэж багш маань хэлдэг л дээ. Харин Монголд урлагийг ихэвчлэн дуу, хөгжим, бүжгээр төсөөлсөн хэвээр л байна. Манайхан мундаг дуулдаг, гоё бүжиглэдэг ард түмэн. Бас манайд кино урлаг ч хөгжиж байна. Харин дэлхийн хүн төрөлхтний бахархал болсон уран зураг, уран баримал, уран барилгыг манайхан төдий л ойшоохгүй хажуугаар нь өнгөрөөд байх шиг. Жишээ нь, Ватикан нь Ром дотроо тусдаа улс байсныг, тэнд анх Есүсийн сүм байгуулагдсаныг, Ватиканы гадаах Гэгээн Петрийн сүм яагаад тойрог хэлбэртэй, барок стильтэй байгааг нэгэнт тийш аялсан монголчууд маань анзаарч, мэдээд авах хэрэгтэй.
-Тэгвэл урлагийг ойлгож, мэдрэхэд бидэнд юу дутагдаад байна вэ?
-Харж буй юмаа л зөв харах ёстой болов уу. Жишээ нь, Сүхбаатарын талбай орохдоо “Энэ хөшөө аль үеийн бүтээл билээ, хэн урлав, Сүхбаатарын гарыг яагаад дээш өргүүлэв” гэх мэтийг л ажиглаж мэдэхэд болно. Бид хүүхдүүддээ ийм энгийн мөртлөө бодит зүйлийг тайлбарлаж өгдөггүй. Намайг хүүхэд байх үеийн, түүнээс өмнөх үеийн, мөн шинэ цагийн шилэн барилгууд гээд цаг, цагийн гэрч болсон бүтээлүүд Сүхбаатарын талбайг тойроод байж байна. Хотын төв цэг тэр чигээрээ Монголын түүхийг өгүүлдэг. Бусад улс оронд ч бас ингэж л таниулдаг. Гэтэл манайд ном уншуулах зэргээр түүхийг хүнд хэлбэрээр заагаад байх шиг. Европчууд, ялангуяа францчууд хүүхдээ хар багаас нь музейд дурлуулдаг. Музейд дуртай, урлагийн бүтээлд хайртай болгохын тулд хүүхдээ музейд 20-хон минут тоглуулчихаад аваад явчихдаг. Аливаад миний юм, бидний юм, эх орны минь юм гэх хандлага, хүмүүжлийг олгох дадал хэвшил Европт 200-аад жил үргэлжилж байна даа. Нөгөө талаас, байсан юмыг байсан чигээр нь, бодитоор нь хүлээн авч, хойч үедээ үлдээх нь чухал. Саяхан зурагтаар Монголын нэлээд боловсролтой хүн “Би ЗХУ, социализмын үеийг ярих дургүй. Уур хүрээд байдаг юм” гэж ярихыг сонслоо. Дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн тайван хоёр гүрний дунд байгаа нь бидний аз биш үү. Тэднээр хамгаалуулж ч чаддаг, хөгжиж ч чаддаг байх ёстой л гэж боддог. Алдаагүй юм гэж хаана ч байхгүй. Харин үүнийг хойч үе нь мэдэж байхын тулд түүхийн гэрчүүдээ хамгаалдаг байх нь чухал.
-Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Луврын музей, бас Версалийн хааны ордныг эх хэлээрээ тайлбарлах эрх авах нь тийм ч амаргүй байх. Та ямар шалгуур хангаж ийм эрхтэй болсон бэ?
-Би Францад 20 жил амьдарч байна. Уг нь социализмын үед Оросын Санкт-Петербургт Сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр дээд сургууль төгссөн юм. Гэхдээ Францад энэ диплом хүчингүй байсан болохоор мэргэжлээрээ ажиллаагүй. Намайг Францад байх үед аялал жуулчлалын компанид ажилладаг найз маань “Ганц өдөр хөтөч хийгээд өгөөч” гэж гуйлаа. Ингээд би ЮНЕСКО-гийн жуулчдыг онгоцны буудлаас тосч аваад өдөржин үйлчилдэг юм байна. Сэтгэл судлалын багш болохоор ч тэр үү, нүүрэмгий байсан байх. Ер нь хүн шударга, үнэнч, хүнд хайртай байхад л болчихдог шүү дээ. Гэтэл маргааш нь нөгөө хүмүүс хөтчөө голоод, намайг асуугаад байж. Тэгж л аялал жуулчлалтай холбогдсон. Жуулчдаа аваад Луврын музейн гадаа очихоор урлаг судлаачид, мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүмүүс үйлчлүүлэгчдийг маань аваад орчихдог. Музей үзсэн зочид гарч ирэхдээ “Үнэхээр гоё юм аа, ингэж гоё тайлбарлах гэж?!” гээд л шагшина. Тэгэхээр нь “Тэр гоё юмыг үзэж харахсан, би ч бас тийм мундаг хөтөч, тайлбарлагч болохсон” гээд нэг тийм монгол зан хөдөлдөг юм байна. Нэг удаа жуулчдаа дагаад Луврын музей орлоо. Тэр мундаг бүтээлүүдийг нь үзэж, тайлбаруудыг нь сонсоод урлаг судлал гэдэг хэчнээн агууг, хүн төрөлхтний түүх гэдэг нь миний түүх, улсын түүх, дэлхийн түүх болохыг, бүх юм чинь нэг л юм байна гэдгийг ойлгосон. Өөрийнхөө мэдлэгээс ч ичсэн. Тэгээд л сурах ёстой бүх сургуульд нь сурахаар шийдсэн хэрэг. Эхлээд Парисын Сарбонийн их сургуулийн Урлаг судлалын ангид нэг жил сурлаа. Дараа нь Туризмын дээд сургуульд орлоо. Луврын сургуульд нь мөн гурван жил сурдаг юм байна. Хажуугаар нь хэлний сургуульд давхар явлаа. Ингэж, ингэж сая нэг юм музейн тайлбарлагчийн эрхтэй болсон.
-Ийм олон сургуульд сурах хөрөнгө зардлыг яаж олж байв?
-Ажил хийж олсон мөнгөө бариад л хичээлдээ гүйнэ. Музейн тайлбарлагчийн сургууль маш өндөр төлбөртэй. Би Францад нийт таван жил сурсан. Хамаг мөнгөө өгсөн. Бараг буцааж олж авч чадаагүй л дээ. Гэхдээ би ажилдаа дуртай. Тийм болохоор аялал жуулчлалын бизнесээрээ л амьдардаг. Луврын музей улсын байгууллага учраас жуулчдаа хүлээгээд зүгээр цалин аваад байдаг гэж зарим хүмүүс намайг буруу ойлгодог. Би музейг тайлбарлах л эрх авсан болохоос тэндхийн орон тооны ажилтан биш. Жуулчид миний ажил олгогч учраас урьдчилж надтай холбогдох тохиолдолд би зав гаргаад л гүйгээд очдог.
-Танаас өөр албан ёсны эрх авсан Луврын музейн тайлбарлагч монгол хүн бий юу?
-Одоогоор байхгүй. Ирээдүйд гарч ирэх байх.
-Таныг Луврын музейн тайлбарлагч болсноор монгол хэл тус музейн албан ёсны 36 дахь хэл болж бичигдсэн гэсэн. Энэ их сайхан сонсогдож байна?
-Ийм зөвшөөрлийг авахад маш хэцүү. Гэхдээ Франц улс монгол хэлийг музейд тайлбар хийх албан ёсны хэл гээд зөвшөөрчихсөн юм биш. Харин албан ёсоор монгол хэлээр тайлбарлах эрхийг зөвхөн надад л олгосон гэсэн үг. Луврын музейн 36 дахь хэл гэж байгаагийн учир нь нэг хэлийг нэмж бүртгэлээ гэсэн үг. Ер нь Францад музейн тайлбарлагч болох хүн япон, хятад, англи, герман, орос, франц хэлнээс гурвыг нь маш сайн эзэмшсэн байх ёстой. Тиймээс ч Францдаа дээд сургуульд гурван жил сурсан хүн дахиад хоёр жил сурах шаардлагатай болдог.
-Луврын музей үзмэр, үйлчилгээгээ хэрхэн баяжуулж, өөрчилдөг вэ?
-Луврын музей 1789 онд Францын хувьсгалын үед хаалгаа нээсэн. Версалийн хааны ордон XVII зууны үед байгуулагдсан. Тэр үеийнхээс юу ч өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн зүйл гэвэл, 1989 онд хуучин, шинэ Луврыг холбосон шилэн пирамидыг барьж ашиглалтад оруулсан. Луврын музей нийт 400 мянга гаруй үзмэрийнхээ 20-иод хувийг л дэлгэсэн байгаа. Дээр нь үзмэрээ байнга баяжуулж байдаг. Харин үзэгч, жуулчдын тухайд Хятадаас жуулчдын маш том багууд очих болсон. Луврын музейд очиход алхах зайгүй болсон. Хятадууд урлагийн мэдлэгээ дээшлүүлэхэд маш их анхаарч байна. Монголчууд ч бас тийм болоосой гэж боддог.
Францад музейнхээ үзмэрийг нэмэгдүүлдэг олон арга бий. Урлагийн бүтээлийг аль болох гадагш гаргахгүйг хичээдэг. Хувь хүмүүсээс худалдаж авна. Эсвэл “Та таван жил төлөх татварынхаа оронд хувийн үзмэрээ музейд тавьж болно. Бид хамгаалалтыг нь хариуцна” гэх мэтээр харилцан тохиролцоно. Зарим иргэд өөрт байгаа бүтээл нь цор ганц хувь байсан ч музейд хандивладаг. “Эх орондоо хандивлав” гэсэн бичигтэй бүтээлүүд цөөнгүй бий. Энэ бол үр хүүхдүүдээ урлагт, уран бүтээлд хайртай, түүний үнэ цэнийг мэдэрдэг, түүгээр дамжуулж бусдыг хайрлан хүндэлдэг болгож өсгөсний нэг гавьяа юм уу даа.
-Луврын музей дотор Монголын түүхийг өгүүлэх үзмэр хэр их байдаг бол?
-Албан бус мэдээгээр 2-3 материал байгаа гэдэг. Тэр нь гэхдээ Монголынх гэсэн баталгаа байхгүй. Зүгээр “Чингисийн удмынх байж магадгүй” л гэж таамагладаг. Луврын музейд саяхан нээгдсэн лалын шашны үзмэрүүдийн танхимд тавьсан байна билээ. Казахстан, Узбекстанаас гаралтай ч байж магадгүй.
-"Хүн төрөлхтний нэг номерийн дайсан бол тансаг хэрэглээ” гэж Д.Урианхай гуай хэлсэн байдаг. Ийм хандлагаар биш юмаа гэхэд эд зүйлсэд хүлэгдэхгүйн эрх чөлөөг эрхэмлэгсэд нэмэгдсээр байна. Энэ байдал хэрэглээ өндөртэй Франц, Европчуудад хэр ажиглагдах юм бэ?
-Европчуудын хувьд ганган хэрэглээнээсээ ичдэг болчихсон байна. Гоё зүйлээ баяр ёслолын үеэр л хэрэглэнэ. Жишээ нь, хурим болоход бүгд гоё хослолоо өмсөөд, гоё том машиндаа 6-8-уулаа суугаад ирдэг. Монголчуудын хувьд, уучлаарай би шүүмжилж байгаа юм биш шүү. Гоё юм хэрэглэмээр байгааг ойлгож байна. Манайхан мэдээж ганган, дэгжин. Гэхдээ удахгүй манай залуучууд, бизнесмэнүүд, ерөөс хэн хүнгүй том гоё машинд суух нь тийм ч чухал биш гэдгийг ойлгож, энгийн зүйлсийг хэрэглээ болгож эхлэх байх. Би Монголд ирэхээрээ дүүгээсээ “Заавал ийм том машин унах хэрэг байна уу” гэж асуудаг юм. Европт жижиг машин унах тусам хоёр машины дундуур ороод, багахан зайгаар багтаад явчих боломж их байдаг. Хувцас хэрэглэл дээр ч мөн адил. Ангийн, амьтны арьс үс гэхээсээ илүү энгийн, дулаан, сайхан хувцас зөндөө бий. Энгийн сайхан хувцасласнаар бусдыгаа хүндлэх төдийгүй байгалиа хамгаалж буй хэрэг юм. Жишээ нь, Европт би метронд хэзээ ч өсгийтэй гуталтай суухгүй. Пүүз ч юм уу, намхан ултай гутал өмсдөг. Европт хүүхнүүд цүнхнээсээ гадна торонд туфлиэ хийгээд барьчихдаг. Энэ бол бусдыгаа хүндэлж байгаа хэрэг. Ингэснээр хэн ч над руу харахгүй. Европт хүмүүс аль болох өөрийгөө товойлгож харуулахгүй, бас бусдыг харахгүй байхыг хичээдэг нь гол яриандаа анхаарлыг нь хандуулах бизнесийн нэг арга юм. Сайн ажигласан бол намайг анзаарч л байгаа байх өөрөө.
-Харин тийм. Би тантай анх удаа уулзаж байгаа мөртлөө таныг маш амархан таньсан. Өмссөн хувцас, имиж төрх нь нүүр номныхоо гурав, дөрвөн жилийн өмнөх зурагнаас огт өөрчлөгдөөгүй байх юм. Будаггүй цайвар нүүр, шууж самнасан үс, жинсэнд өмд, түрийтэй хар гутал... гээд л?
-Намайг энд ч, Францад ч гэсэн танихад маш амархан ш дээ /инээв/. Жишээ нь, би хар хөх, цайвар, цагаандуу гээд ердөө гурван өнгийн жийнсэн өмдтэй. Цамцнууд маань бас бүгд адил богинохон. Нэг төрлөөс хэд хэдэн өнгийг, эсвэл цагаанаас нь гурвыг авчих жишээтэй. Гутлаа ч бас дандаа адилханыг авдаг. Харин хоёр загварын цүнх сольж барьдаг. Тэр нь амар байдаг юм. Ямар ч хүнтэй уулзахад надад ичиж зовох зүйл байхгүй. Би хэзээ ч уулзаж буй хүнээсээ илүү “гялгар” байхгүй. Хэн ч миний ээмэг, бөгж рүү анхаарахгүй. Тиймдээ ч тэр хүн надтай энгийн дотно харилцдаг. Хөтөч хүн бусдаас ганган байж болохгүй гэж сургуульд заадаг. Ажлаа хийж явахад надад гангалах шаардлага байдаггүй. Харин хуриманд уригдвал даашинз өмсөх ч юм уу, ганц бөгж зүүдэг ч юм уу, арай өөр хувцаслана. За ер нь бөгж зүүхгүй дээ.
-Тэгэхээр хөтөч хүнд бас мэргэжлийн стиль гэж байдаг байх нь ээ?
-Үйлчлүүлэгчээсээ илүү ганган, эсвэл бохир байж болохгүй гэж сургуульд заадаг. Маш цэвэрхэн байх хэрэгтэй. Үнэргүй байх ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр үйлчлүүлэгч надтай суухаас ичихээргүй, санаа зовохооргүй байх, өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулахгүй байх ёстой гэсэн үг. Жишээ нь, үзмэрээ тайлбарлаж байхад үйлчлүүлэгч миний ээмэг рүү биш, миний ард байгаа уран зураг руу л анхаарч байх ёстой. Хорин жилийн өмнө Оросын жуулчид миссийн тэмцээнд оролцох гэж байгаа юм шиг дүр төрхтэй онгоцны буудалд буудаг байлаа. Одоо тэд энгийн болсон. Одоо харин хамгийн ганган хүмүүс нь хятадууд байна. Тэгэхэд Европын саятнууд бол хэзээ ч мөнгөтэй гэдгээ харагдуулдаггүй. Хоёр евро дээр ч бодол болж жүжиглээд зогсчих нь бий. Гэхдээ цайны мөнгөө бол өгчихөөд явчихна. Энэ бүхнээр би энгийн л байвал хүн надтай илүү дотно, сэтгэлээсээ харилцдаг гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг. Тэгээд ч ганган хувцас, зүүлт Европт хулгайчдыг татдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, серби, цыган, румынүүд байна. Францад хулгай хийсэн ч 16 нас хүрээгүй л бол хариуцлага хүлээлгэдэггүй, шууд сулладаг. Харин франц хүний хүүхэд хэрэг хийсэн бол ээж, аав нь шийтгэл хүлээнэ. Энэ байдлыг ашиглаад тэнд хар багаасаа франц хэл сурчихсан гадны хүүхдүүд их хулгай хийдэг. Тэд ихэвчлэн Ази жуулчдыг дагаж, бэлэн мөнгийг нь авдаг. Тиймээс тэнд ганган байх шаардлагагүй.
-Холын хүнээс үг сонслоо. Асуугаагүй ч хэлэх юм сан гэж бодож байгаа зүйл байвал манай уншигчидтай хуваалцаач?
-Би Монголдоо ирэхээрээ таксигаар их үйлчлүүлдэг. Такси авсаархан төдийгүй бензин бага зарцуулж, утаа бага гаргадаг шиг санагддаг. Тиймээс ч Монголд хамгийн их уулздаг, харилцдаг хүмүүс маань таксины жолооч нар. Тэдэндээ хандаад “Дуу бол чухал, сайхан урлаг. Гэхдээ дууныхаа хажуугаар радиогоор явдаг мэдээ мэдээллийн, соён гэгээрүүлэх нэвтрүүлгүүдээ сонсож, ном сэтгүүл уншиж, боломжоороо өөрсдийгөө хөгжүүлээрэй” гэж хэлмээр байна. Бид тархиа цэнэглэж, мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай шүү.
Г.Оюунтунгалаг: Европчууд гял цал хэрэглээнээс татгалзах болсон | ||
Үзсэн: 208883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.