Шууд Chart

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хүрээлэн буй орчныг хамгаалах цагдаатай болно

2017-01-17 16:17:47

Агаарын бохирдол ихтэй БНХАУ үүнийгээ багасгахын тулд шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Одоогийн байдлаар нийслэл Бээжин болон зүүн хойд нутгийн Хэбэй, Шандон, Хэнан мужид агаарын бохирдлын түвшин онц ноцтой буюу улаан дохионоос бууж, улбар шар дохиололд шилжсэн байна.

Ойрын өдрүүдэд агаарын бохирдол ихтэй байх хэдий ч пүрэв гарагаас эхлэн салхины эрч ширүүсч, утааг бага ч болов сааруулах төлөвтэй байгааг Хүрээлэн буй орчны хяналтын төвөөс мэдээлж байна. Хүйтний улиралд ахуйн галлагаа, авто машины утаа, үйлдвэрийн яндангаас гарч байгаа утаа гэх мэт олон хүчин зүйлээс үүдэн агаарын бохирдол нэмэгддэг. Иймд урь ортол буюу гуравдугаар сарын сүүлч хүртэл агаарын бохирдлын түвшинг нэмэгдүүлэхгүй барихын тулд хүрээлэн буй орчныг хамгаалах буюу олон нийтийн дунд хяналт тавих цагдаа нарыг гаргаж ажиллуулахаар төлөвлөж байна.

Тэд гадаа гудамжинд ил задгай хоол хийж байгаа болон агаарын бохирдолд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудад хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авах юм байна. Тэд олон нийтийн дунд хууль сахиулдаг хүчний байгууллагуудын нэгэн адил эрх, үүрэг хүлээх бөгөөд хуулийн дагуу хүч хэрэглэн албадан саатуулах эрхтэй юм байна. Хүрээлэн буй орчны бохирдлоос салахын тулд анхааруулга, сэрэмжлүүлэг төдий өгөх нь хангалтгүй, зарим зүйлийг хүчээр шийдвэрлэх нь илүү үр дүнтэй гэж Хятадын удирдлагууд үзэж байна. Тэд 2017 онд 1 куб метр агаар дахь тоосонцрын хэмжээг 60 микрограммд хүргэж буулгах буюу өмнөх оныхоос 17 хувиар багасгах зорилт тавиад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хүрээлэн буй орчныг хамгаалах цагдаатай болно   
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй