Шууд Chart

Давосын чуулган олон улсын голлох үйл явдлууд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тал дээр анхаарлаа хандуулна

2017-01-17 16:39:58

Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр Швейцарийн Давос хотноо эхэлнэ. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг улс төрд шилжилт хөдөлгөөн авчрахуйц олон үйл явдал болсон нь энэ оны дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар улс орны тэргүүнүүд энэ удаагийн чуулганаар ярилцах байх гэдэг хүлээлт байна. Тэр дундаа Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлэх бодлого эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг нь тэдний анхаарлыг хамгийн их татаж байна.

Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулганд 70 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон өндөр албан тушаалтнууд оролцож байгаа. Үүнээс гадны бизнесийнхний 1800 гаруй төлөөлөл энэ чуулганд оролцох тухай зохион байгуулагчид нь мэдээлж байна. Мөн энэ жилийн Давосын чуулганы нэг онцлог бол Хятадын дарга Си Цзиньпин өөрийн биеэр ирж оролцох төдийгүй нээлтэд нь зориулж үг хэлэх юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны төрийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар юу гэж хэлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого нь ямар байх талаар сонирхсон шинжээчид түүний илтгэлийг анхааралтай ажиглаж байна.

Үүний зэрэгцээ чуулганы гурав дахь өдөр буюу пүрэв гарагт Европын Холбооны гол гишүүн Их Британи тус холбооноос гарахтай холбоотой илтгэлийг тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй тавих юм байна. Европын холбоо бол дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй, тэр дундаа Их Британи Европын холбооны эдийн засгийн гол зүтгүүр хүчнүүдийн нэг юм. Гэтэл Их Британи энэ холбооноос гарснаар Европын холбоо төдийгүй дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь энэ удаагийн чуулганы хэлэлцэх сэдвүүдийн нэг байх юм.

Мөн дэлхийн номер нэг эдийн засагтай АНУ-ын шинэ тэргүүн Дональд Трампын засаг захиргааны баримтлах бодлого дэлхийн эдийн засагт хамгийн их хамаатай. Иймд Трампын засаг захиргааны ахлах зөвлөхүүд Давосын чуулганд оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Давосын чуулган олон улсын голлох үйл явдлууд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тал дээр анхаарлаа хандуулна   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй