Шууд Chart

Эль-Сальвадор улсад энх тайван тогтоосны 25 жилийн ойн баярыг тэмдэглэж байна

2017-01-17 16:45:58

Төв Америкийн Эль-Сальвадор улсад иргэний дайныг зогсоож, энх тайван тогтоосны 25 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Гэхдээ төр засгийн тэргүүнүүд гадны зочид төлөөлөгчдийн хамт энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаагаас биш энэ дайнд гар бие оролцсон ахмад дайчид баярынхаа өдөр жагсаал зохион байгуулж байна.

Ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж байгаа төв талбайгаас ердөө хэдхэн километрийн зайд ахмад дайчид Ерөнхийлөгч Сальвадор Санчес Серен болон түүний Засгийн газрыг “2 нүүртэн” хэмээн цоллож, “Энх тайван гэж юу вэ” гэсэн лоозон барьж жагссан байна. Эль Сальвадор улс нь Төв Америкт орших хамгийн жижиг хэрнээ их хүн амтай улс юм.

Мөн дэлхий дээрх хамгийн аюултай орнуудын нэгт тооцогддог. Учир нь тус улсын 100.000 хүн тутмын 81 нь аллага, хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа байдаг байна. Энэ улсад 1970 оноос эхэлсэн иргэний дайн самуунд олон мянган хүн амиа алдсаны эцэст 1992 онд дайныг зогсоож, хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэвч энэ дайны үед аль аль талд нь хүчин зүтгэж явсан ахмад дайчид улсаас хангалттай халамж хүртэж чаддаггүй тул баярынхаа өдөр ийнхүү жагсчээ.

Уг нь 2015 онд эдгээр ахмад дайчдад 10.000 долларыг нөхөн олгох, сар бүр 500 долларын тэтгэвэр олгох, орон байр, тэтгэлэг, эрүүл мэндийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулах тухай хууль баталсан ч энэ нь одоог болтол хэрэгжихгүй байгаа тул Ерөнхийлөгч болоод Засгийн газрыг амлалтаа биелүүлэхийг шаардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эль-Сальвадор улсад энх тайван тогтоосны 25 жилийн ойн баярыг тэмдэглэж байна  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй