Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн нэр холбогдсон авлига, хээл хахуулын хэрэгт холбогдогсдын нэр улам нэмэгдсээр байна. Тус улсын Соёлын сайд мөн энэ хэрэгт холбогдон тусгай прокурорынхонд байцаалт өгч эхэлжээ. Тодруулбал, Чой Сун Силийн авлигын хэргийг мөрдөж байгаа тусгай прокурорын багийнхан Соёлын сайд Чо Ён Сун болон Ерөнхийлөгчийн албаны дарга асанг авлигын хэргийн сэжигтнээр татаж байцаалтад дуудсан байна. Тэднийг Засгийн газрын хар жагсаалттай холбоотой хэргээр байцааж буй аж.
Ерөнхийлөгч Пакийн Засгийн газар 100 гаруй хуудас бүхий "хар жагсаалт"-ыг гаргасан бөгөөд үүндээ 9.400 гаруй хүний нэрийг бүртгэсэн байдаг. Тэдний олонх нь өнөөгийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн үйл хэргийг шүүмжилсэн, сөрөг хүчнийхний төлөө дуугарсан урлаг соёлынхон, тодруулбал, кино найруулагчид, дуучид, зураачид, хөгжимчид болон зарим улс төрчид байдаг байна. Энэ жагсаалтад багтсан хүмүүс төрөөс санхүүгийн болон бусад ямарч дэмжлэг авах эрхгүй болж байгаа юм.
Хэдийгээр Өмнөд Солонгос нь соёл урлаг, спортынхоо салбарыг хүчтэй дэмждэг боловч уран бүтээлчдийг ийнхүү хавчиж байгаа нь үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх явдлыг боож байгаа хэрэг гэж олон нийт шүүмжилдэг байна. Хамгийн гол нь энэ жагсаалтад багтах хүмүүсийг ямар журмаар сонгосон бэ гэдэг нь Соёлын сайдыг байцаалтад дуудахад хүргэжээ. Магадгүй үүнд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн оролцоо байсан байж болзошгүй гэж прокурорынхон сэжиглэж байна.
| БНСУ-ын Соёлын сайд "Хар жагсаалт"-ын хэргээр байцаагдаж байна | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.