Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой хэргийг шүүх Үндсэн хуулийн шүүх хурлын хоёр дахь удаагийн сонсгол энэ сарын 5-нд товлогдсон боловч Ерөнхийлөгч Пак мөн л шүүх хуралд оролцоогүй. Тус улсын хуульд зааснаар мэдүүлэг өгөх этгээдийг онцгой тохиолдол биш бол хүчээр шүүх танхимд дуудаж авчрах эрхгүй бөгөөд Пак Гын Хэ өөрийн биеэр ирээгүй ч гэсэн түүний бичгээр өгсөн мэдүүлэг болоод бусад гэрч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх боломжтой юм байна.
Ерөнхийлөгч дараа дараагийн шүүх хурлуудад ч ирж оролцохгүй гэдгийг түүний өмгөөлөгч нар уламжлаад байгаа. Тиймээс Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүхээс томилогдсон тусгай прокурор ирэх 2 дугаар сарын эхээр ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авахаар төлөвлөж байна. Мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр, тусгай прокурорын хэвлэлийн төлөөлөгч ийнхүү мэдэгдээд байна. Гэхдээ хэрвээ ерөнхийлөгч Пак Гын Хэ мэдүүлэг өгөхөөс татгалзвал, энэ үйлдэл нь ямар ч үр дүнгүй гэдгийг тэрээр мөн нэмж хэллээ.
Ерөнхийлөгч Пак нь парламентын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нөөс хойш бүрэн эрхээ түр түтгэлзүүлээд байгаа бөгөөд түүнийг огцруулах уу, бүрэн эрхийг нь сэргээх үү гэдгийг Үндсэн хуулийн шүүх шийдэх юм. Өмнөд Солонгосын прокурорынхон Ерөнхийлөгчийг Чой Сун Силийн авлигын хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа ч тэрбээр өөрийгөө үүнд огт хамааралгүй гэж мэдүүлээд байгаа.
Гэвч энэ бүхнийг Үндсэн хуулийн шүүх эцэслэн шийдвэрлэх бөгөөд хэрвээ огцруулах шийдвэр гаргавал хоёр сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах учиртай юм.
| Өмнөд Солонгосын тусгай прокурор ирэх сард Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна | ||
| Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.