Шууд Chart

Украин дахь “Сбербанк”-ны салбаруудын үйл ажиллагаа саатахад хүрчээ

2017-03-15 11:38:11

Украин дахь  Оросын  банкнууд түүний дотор “Сбербанк”-ны үйл  ажиллагаа саатахад  хүрчээ. Украины  үндсэрхэг үзэлтэй байгууллагын  идэвхтнүүд тус банкны салбаруудын үүд хаалгыг хаан тоосго өрж, бэлэн мөнгөний машинуудыг нь гацааж эхэлсэн. Сүүлийн мэдээгээр  Украины Үндэсний  банк буюу төв банкнаас “Сбербанк”-ны салбаруудын зөвшөөрлийг хүчингүй болгоход  бэлэн байгаагаа мэдэгдээд  байна. Мөн Украины дотоод хэргийн сайд Арсений Аваков  Ерөнхийлөгч  Порошенко  Оросын “Сбербанк”-ны салбаруудын эсрэг хориг арга хэмжээ авах  асуудлыг хэлэлцэхийн тулд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн хуралдааныг  хийлгэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.

ОХУ-ын  “Сбербанк”-ны албан ёсны  төлөөлөгч  өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Украины  эрх баригчид  тус банкны  эсрэг  хориг  арга хэмжээ авах нь  юуны түрүүнд  тус  банкны  үйлчилгээ авч  чадахгүй болох Украины  иргэдэд  л  хор  уршигтайг  онцолсон  байна. “Сбербанк” Украинд  нийт 150 салбартай  бөгөөд Украины  нэг сая  иргэн,  37 мянган  аж ахуйн нэгж эдгээрээр үйлчлүүлж  байгааг  мэдээлсэн. Украины "Приват" банк хувьчлагдсаны дараагаар тус банкны үйлчлүүлэгчид  олноороо “Сбербанк” руу шилжсэнийг ч сануулсан байна. Мөн аюулгүй байдлын үүднээс Украин  дахь  салбаруудынхаа үйл ажиллагааг  түр зогсоогоод  байгаагаа мэдэгджээ.  Киев дэх  төв салбарын үүд  хаалгыг   тоосго  өрөн хаасан төдийгүй Украины  бусад   муж, хотууд дахь Оросын банкуудын  эсрэг ч ийм арга хэмжээ  авахаа Украины  Ардын  депутат  Андрей  Билицкий  ч мэдэгдсэн.  Мөн тэрээр   Украины  эрх баригчдад хандаж  Оросын  банкнуудын зөвшөөрлийг  цуцлахыг  шаардахаа  анхааруулсан юм.  

Энэ шаардлагыг нь биелүүлэх хүртэл  үндсэрхэг үзэлт  байгууллагын  идэвхтнүүд  сайн дураараа   Оросын  банкуудын үйл  ажиллагааг  саатуулах  бүхий л   арга хэмжээг  авахаа  илэрхийлж байна. Киевийн  цагдаагийн газрын дарга  хууль сахиулагчид  олон нийтийн хэв  журмыг  ноцтойгоор  зөрчихөөс  сэргийлж  нөхцөл байдлыг  ажиглаж  байгааг  мэдэгдсэний  зэрэгцээ одоогоор хэнийг  саатуулж  хориогүйгээ мэдээлсэн  байна.  “Сбербанк” Оросын Төрийн тэргүүн  Владимир Путины  зарлигийн дагуу дангаар  тусгаар тогтнолоо зарласан  Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын  паспорттой  иргэдэд  үйлчилж  эхэлснээс үүдэн шүүмжлэл  өрнүүлсэ юм.  Түүнээс хойш  дан ганц  өчигдөр  гэлтгүй  өнгөрсөн  7 хоногт   Украин дахь   Оросын  банкны  салбар,   бэлэн мөнгөний  машинууд руу халдсан  30 гаруй  хэрэг  гараад  байгаа юм.












Украин дахь “Сбербанк”-ны салбаруудын үйл ажиллагаа саатахад хүрчээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй