Шууд Chart

Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээ эцсийн шатандаа оржээ

2026-08-06 10:15:46

АНУ, Иран болон Оман улсын хооронд дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал усан замын нэг болох Ормузын хоолойг дахин нээх асуудлаарх хэлэлцээ эцсийн шатандаа орсныг албаны эх сурвалжууд мэдээллээ. Хэлэлцээр байгуулагдвал дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй тодорхойгүй байдал буурч, газрын тосны нийлүүлэлт хэвийн болох боломжтой болно.

Ираны тал Омантай хамтран тохиролцооны төслийг эцэслэн боловсруулж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хугацаанд энэ талаар мэдэгдэл хийх боломжтой гэж мэдэгджээ. Гэвч талууд хэд хэдэн гол асуудлаар байр сууриа нэгтгэж амжаагүй байна.

Хэлэлцээрийн төсөлд Персийн булан руу нэвтрэх хөлөг онгоцны хөдөлгөөнийг Ираны тал, булангаас гарах хөдөлгөөнийг Оманы тал зохицуулах хувилбар тусгагдсан байна. Харин усан зам ашигласны үйлчилгээний төлбөр болон Ираны боомтуудад тавьсан АНУ-ын хоригийг цуцлах асуудал хамгийн маргаантай хэвээр байгаа аж. АНУ үйлчилгээний төлбөр авахыг эсэргүүцэж байгаа бол Иран тодорхой хэмжээний төлбөр ногдуулах байр сууриа хадгалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Ормузын хоолой дахин нээгдэх нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг тогтворжуулж, эрчим хүчний зах зээлд үүсээд буй дарамтыг бууруулах ач холбогдолтой. Гэхдээ бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал эмзэг хэвээр байгаа бөгөөд Улаан тэнгист Ираны дэмжлэгтэй Хутийн босогчдын халдлага, Израил-Ливаны хил орчмын хурцадмал байдал үргэлжилж байгаа нь хэлэлцээний явцад эрсдэл дагуулж байгааг ажиглагчид онцолж байна.


Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээ эцсийн шатандаа оржээ  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй