Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа.
Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хүрээнд Өмнөговь аймагт байгаль орчин, уул уурхайн 358 зөрчил илрүүлж, 200 гаруйг нь арилгуулаад байна.
Тус аймгийн хувьд:
-Даланзадгадын ДЦС ТӨХК өмнөх жил хэрэгцээнийхээ нүүрс бэлтгэх, 2024-2025 онд үүссэн 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөө шийдвэрлүүлэх,
-Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилга барих,
-Өвс тэжээл, махны нөөц бүрдүүлэх
-Цогтцэций-Даланзадгад чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх,
-Цагаанхад суурьшлын бүсийг тосгоны статустай болгох,
-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг Засаг дарга Н.Энхбат танилцууллаа.
Өмнөговь аймагт шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ялангуяа дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Шадар сайд илэрхийллээ.
Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн тэжээлийг татан авах, өвлийн улиралд ашиглах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тус аймгийн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан бөгөөд цас, шуурганы үед зам нээх зориулалтын техникээр бүх сумыг бүрэн хангажээ. Энэ онд гарсан шүлхий өвчний голомтуудын хүрээнд тус аймагт тогтоосон 10 сумын 15 голомтоос одоогоор нэг суманд хязгаарлалт үргэлжилж байна.
Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй 38 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 717 зөрчил илрүүлснээс 125-ыг газар дээр нь арилгуулжээ. Илрүүлсэн зөрчилд 11.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 224 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоон, холбогдох албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлсэн талаар Засаг дарга С.Мөнхчулуун танилцууллаа.
Цаашид:
-Аймгийн төвийн 19 км автозамын засварын ажил
-Аймгийн төвийн Дулааны станцыг барьж дуусгах
-Сайнцагаан сумын Дулааны станцын 2 дугаар хэлхээг барих
-8 сумын Эрүүл мэндийн төвд тоноглогдсон автомашин
-Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр, Өлзийт, Дэрэн сумын спорт заалны засвар, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай сумын сургуулийн их засварын ажлуудыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаагаа уламжиллаа.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар орон нутагт ажиллах бүрдээ тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсоод өнгөрөх бус, долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Дундговь аймагт хөндөгдсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр, орон нутгийн хөгжлийг сааруулж буй гол шалтгаан нь санхүү, хөрөнгө оруулалтын эрх мэдлийн хязгаарлалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, худалдан авах ажиллагааны удаан байдал байгаа учраас хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг илүү хурдан, үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байна.
Шадар сайд мөн гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа бөгөөд улсын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, илүү үр ашигтай удирдах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг тодотголоо.


| Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг 7 хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.