АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Дээд шүүхийн хүчингүй болгосон импортын тарифын хүрээнд хураасан төлбөрөөс 100 тэрбум ам.долларыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд буцаан олгосныг шүүхэд гаргасан баримтад дурджээ.
Дээд шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн 1977 оны Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг ашиглан өргөн хүрээний тариф тогтоосон нь хуульд нийцэхгүй гэж үзсэн юм. Үүний дараа хууль бусаар төвлөрүүлсэн нийт 166 тэрбум ам.долларын тарифын орлогыг буцаан олгох ажиллагаа эхэлжээ. Одоогоор нийт мөнгөний 60 орчим хувийг буцаан олгосон байна.
АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба буцаан олголтыг боловсруулж байгаа бөгөөд 330 мянга гаруй импортлогч байгууллага тарифын төлбөрөө буцаан авах эрхтэй гэж албаныхан мэдээллээ.
Харин Трампын засаг захиргаа хүчингүй болсон тарифыг орлуулах зорилгоор 1974 оны Худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйлд тулгуурлан 80 гаруй улс, Европын Холбооны зарим бүтээгдэхүүнд 10-12.5 хувийн шинэ тариф ногдуулаад байгаа юм. Энэ шийдвэрийг АНУ-ын 25 муж шүүхэд эсэргүүцэн, өмнөх шийдвэрийг тойрч гарах оролдлого гэж үзэн шинэ нэхэмжлэл гаргаад байгаа юм.
| АНУ импортлогчдод 100 тэрбум ам.долларын тарифын төлбөр буцаан олгожээ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.