Шууд Chart

АНУ-ын төлөөлөгч "Их 7"-гийн уулзалтыг дундаас нь орхижээ

2017-06-12 17:58:55

“Их 7”-гийн гишүүн орнуудын Байгаль орчны сайд нар Итали улсын Болоньи хотод өчигдөр уулзаж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн байна. Энэ үеэр хотын гудамжинд иргэд жагсаал хийжээ.

Жагсагчид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ногоон тээвэр, байгаль орчны хамгааллыг нэмэгдүүлж, агаарын бохирдолтой тэмцэх дорвитой арга хэмжээ авахыг шаардсан байна. Түүнчлэн тэд цаг уурын өөрчлөлт болон цөлжилт, Африкаас Европт олон тооны иргэд цагаачилж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.

“Их 7”-гийн уулзалт хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөсөн. Уулзалтын үеэр Их Британи, Франц, Герман, Канад, Япон болон Итали улсын төлөөлөгчид Дональд Трампын Засгийн газар цаг уурын өөрчлөлтийн эсрэг 2015 оны Парисын хэлэлцээрээс гарсан явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэнтэй холбоотойгоор АНУ-ын Байгаль орчин хамгаалах агентлагийн тэргүүн Скот Пруитт хурлыг дундаас нь орхиж, Вашингтон руу буцсаныг тус улсын холбогдох албаныхан мэдээлж байна.

Харин “Их 7”-гийн бусад зургаан гишүүн орон өнгөрсөн сард Сициль хотод болсон улс төрийн дээд хэмжээний уулзалтын үеэр Парисын хэлэлцээртэй холбоотой гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллах тал дээр санал нэгдсэн тухай “Ассошэйтэд пресс” мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төлөөлөгч "Их 7"-гийн уулзалтыг дундаас нь орхижээ   
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй