Лондон хотын иргэд лхагва гарагт тус хотын баруун хэсэгт орших Хойд Кенсингтон дүүргийн орон сууцанд гал гарсны улмаас орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлэхийг шаардан өчигдөр жагсаал хийжээ.

Тэд Ерөнхий сайд Тереза Мэй галаас амьд үлдэгсэдтэй уулзалт хийж байсан Даунинг стрийтийн төв танхимын гадна жагссан байна. Иргэд 15 цагийн орчимд цуглаж эхэлсэн бөгөөд 16 цаг 30 минутын үед төв танхим руу орохоор дайрч эхэлжээ. Тэдний нэг нь хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа бид юу болоод байгааг мэдэхийг хүсч байна, хүмүүс гудамжинд хоног төөрүүлэх ёсгүй хэмээн ярьсан байна.
Ерөнхий сайд хувцас хэрэглэл, хоол хүнс болон яаралтай тусламжинд 5 сая евро олгохоор баталжээ. Түүнчлэн гурван долоо хоногийн дотор оршин суугчдыг байр сууцаар хангах зорилго тавьж байгаагаа мэдэгдээд, энэ хугацаанд түр сууцанд суулгаж, санхүүгийн туламж үзүүлэхээ амласан байна.

Мөн гал түймрийн уршгаар хохирол хүлээсэн иргэдийг засгийн газар анхааралдаа авч ажиллахыг цохон тэмдэглэжээ. Одоогийн байдлаар гал түймрийн улмаас 30 хүн амиа алдаж, 70 хүн ор сураггүй болоод байгаа юм. Амиа алдсан иргэний 3-ынх нь хэн болохыг тогтоогоод байгааг "Би Би Си" агентлаг мэдээлжээ.
Галыг санаатай тавьсан гэх нотолгоо байхгүй байгааг цагдаагийн газраас мэдэгдээд байгаа юм. Гал лхагва гарагт Британийн цагаар шөнийн 1 цагт эхэлсэн бөгөөд 200 гаруй гал сөнөөгч 24 цагийн турш ажиллаж, аюулгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Их Британийн хатан хаан гал түймэрт шатсан орон сууцны оршин суугчидтай уулзсан бөгөөд энэ үеэрээ гал сөнөөгчид болон тусламж үзүүлж байгаа иргэдийн эр зоригийг өндрөөр үнэлсэн байна.
| Орон гэргүй болсон иргэдийн төлөө жагслаа | ||
| Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.