Шууд Chart

Португал улсад том хэмжээний түймэр гарчээ

2017-06-19 11:58:01

Португал улсад бямба гарагт их хэмжээний түймэр гарч, 61 хүн амиа алдаж, хэдэн арван хүн түлэгдэж, гэмтсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын засгийн газар сүүлийн жилүүдэд тохиолдоогүй томоохон хэмжээний аюул нүүрлэлээ гэж мэдэгдсэн байна.

Түймрийн үеэр 54 хүн түлэгдэж, шархаджээ. Тэдний дунд найман гал сөнөөгч, нэг хүүхэд байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлжээ. Дөрвөн гал сөнөөгч хүнд хэмжээний бэртэлтэй байгааг Лисбоны холбогдох албаныхан мэдэгдсэн байна. Энэ явдалтай холбоотойгоор Португалын Засгийн газар гурав хоног гашуудал зарласан бол тус улсын шинжээч мэргэжилтнүүд гал түймэр гадны нөлөөгүй, аянга цахилгаантай бороо орсны улмаас түймэр гарсныг цохон тэмдэглэжээ.

Түймэр Лисбоноос 120 бээрийн зайд орших Педрагао Грандэ дүүрэг рүү тэлж, оршин суугчид нь дайжихаас аргагүй болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ үеэр хэд хэдэн хүн машинаасаа гарч чадалгүй түлэгдэж, амиа алджээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд хотын даргын мэдэгдсэнээр зарим газрыг түймэр битүү хүрээлсэн, мөн хүн хүчний дутагдалтай байгааг онцолсон байна. 700 гаруй гал сөнөөгч түймрийг унтраахаар шуурхайлан ажиллаж байгаа бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй байгааг "Си Эн Эн" агентлаг мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор Португалын Ерөнхий сайд Антонио Коста Педрогао, Фигуеро, Кастанхиерагийн сургуулийг түр хугацаагаар хааж, шалгалтуудыг хойшлуулах болсноо мэдэгдсэн байна. Франц, Испани зэрэг Европын орнууд гал түймрийг унтраахаар нисэх онгоц илгээснийг Европын холбоо мэдэгдээд, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Европын холбоо болон Пап лам, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар хайртай дотны хүмүүсээ алдсан Португал улсын иргэдэд эмгэнэл илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Португал улсад том хэмжээний түймэр гарчээ   
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй