Англи улсын Лондон хотын хойд хэсгийн Финсбюри цэцэрлэгт бүхээгтэй авто машин явган хүмүүсийг дайрч, хэд хэдэн хүн гэмтэж бэртээд байгааг Их Британийн цагдаагийн газраас мэдээллээ.
Урд шөнө бүхээгт авто машин Финсбюри цэцэрлэгийн ойролцоо “Seven sisters” замын хажуугийн лалын сүмийн гадна цугласан олныг дайрчээ. Хэргийн газар цагдаа нар болон түргэн тусламжийнхан ирж, нэг хүнийг баривчилсан байна. Цагдаа нар орон нутгийн цагаар шөнийн 00 цаг 20 минутад авто машин явган хүмүүсийг дайрсан тухай дуудлага хүлээн авсан бол Их Британи дахь муслим шашны зөвлөл сүмд мөргөл үйлдээд гарч явсан иргэдийг бүхээгт авто машин дайрсан гэсэн мэдээ хүлээж авсан байна.

Тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Харун Хан бүхээгт авто машин мөргөл үйлдэгчдийг санаатайгаар дайрсан тухай сонсоод тун их цочирдсон тухайгаа твиттер хуудсандаа бичжээ. "Аль Жазира" агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь хүргэсэн мэдээлэлдээ ачаалал ихтэй “Seven sisters” замыг цагдаа нар хаасан байгааг онцлоод, мөргөлчдийг дайрсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгааг цохон тэмдэглэсэн байна.
Финсбюри цэцэрлэгийн лалын сүмийн тэргүүн Мохамед Козбар энэ явдлыг террорист халдлага байж магадгүй гэж үзэж байгаагаа хэвлэлийнхэнд ярьжээ. Түүнчлэн машинд дайруулсан хүмүүс сүмээс гарч байсан ч, бүгдийг нь муслим шашинтай байсан эсэхийг хэлэх аргагүй гэж тайлбарласан байна. Бүхээгт авто машиныг жолоодож явсан хүнийг цагдаа нар тэр дор нь баривчилсан бөгөөд түргэн тусламжийнхан яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.
| Исламын сүмийн гадна цугласан иргэдийг бүхээгтэй авто машинаар дайрчээ | ||
| Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.