НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас 2016 онд дэлхий даяар эх оронд нь үүсээд байгаа хямрал, зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс болж 65.6 сая хүн орон гэрээ орхиход хүрч, хөрш зэргэлдээ улс руу дүрвэсэн хэмээн мэдэгдсэн байна.
Энэ тухай өчигдөр болсон Олон улсын дүрвэгсдийн өдрөөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас гаргасан тайланд онцлон мэдэгдсэн байна.
2016 онд эх орноо орхисон дүрвэгсдийн дунд улс төрийн орогнол хүссэн, дотоодын шилжилт хөдөлгөөн болон цагаачлалтай холбоотой өргөдөл гаргасан хүмүүс багтаж буй юм байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас гаргасан тайланд мэдэгдснээр эдгээр дүрвэгсдийн олонхийг Сирийн дүрвэгчид эзэлж байгааг онцолсон байна.
Тодруулбал, Сирийн мөргөлдөөний улмаас ойролцоогоор 5.5 сая гаруй сири хүн дүрвэжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнтэй нь харьцуулахад ойролцоогоор 650 мянгаар их байгаа юм. Түүнчлэн Сирийн хүн амын талаас илүү хувь нь өөр улс оронд хорогдох газар хайж байна. Харин Өмнөд Суданд болж байгаа мөргөлдөөний улмаас 3 сая 300 мянга гаруй хүн зөвхөн дотооддоо шилжилт хөдөлгөөн хийжээ.
Энэ нь өмнө жилийн мөн үеийнхтэй нь харьцуулахад ойролцоогоор 800 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал, 2016 оны долоодугаар сараас эхлэн Өмнөд Суданы нийслэл Жуба хотод гарсан зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэн хэмээн онцолж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд коммиссар Филиппо Гранди энэ талаар хэлэхдээ хямралыг шийдвэрлэх болон урьдчилан сэргийлэхийн тулд эв санааны нэгдлийг сахин хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
| НҮБ: 2016 онд дүрвэгсдийн тоо 65.6 саяд хүрсэн | ||
| Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.