Шууд Chart

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүг сонгожээ

2017-06-22 11:20:00

Саудын Арабын хаан Салманы хүү Мохамед Бин Салманыг угсаа залгамжлах ханхүүгээр сонгожээ. Ингэснээр ханхүү Мохамед Бин Салман батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэхээс гадна Ерөнхий сайдын орлогчийн үүргийг давхар гүйцэтгэх юм байна.

Ханхүү Мохамед Бин Салман залуу үеийн төлөөлөл болж буй юм байна. Үүнээс өмнө тэрбээр Иемен дэх Саудын Арабын дайныг удирдаж, улсын эрчим хүч, эдийн засгийн бодлогыг төлөвлөж байсан юм. Одоогийн хаан Салман 81 настай бөгөөд эрүүл мэндийн байдал тааруу байгааг хэвлэлийнхэн мэдээлж байна.

Харин Мохамед Бин Салман өдгөө дөнгөж 31 настай учраас Саудын Араб улсыг олон жилийн турш удирдаж, тогтвортой байдлыг хангана гэсэн найдлага тавьж байгаа. Түүнээс гадна угсаа залгамжлах ханхүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай нөхөрсөг харилцаатай тул Иранд дарамт шахалт үзүүлж болзошгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор бүс нутагт байдал хурцдаж магадгүйг "Би Би Си" агентлаг мэдээлжээ.

Саудын Араб улсад хаан угсаа бүхий 15000 орчим ханхүү, гүнж байдаг тул 2006 оноос хаан болон угсаа залгамжлах ханхүүг сонгох хороог байгуулсан. Тус хороог "Шударга үнэний хороо" гэж нэрлэдэг бөгөөд ханхүү нараас бүрддэг юм байна. "Шударга үнэний хороо"-ны 34 гишүүний 31 нь Мохамед Бин Салманыг угсаа залгамжлах ханхүү болгохоор дэмжжээ. Саудын Араб улс нь АНУ болон Их Британийн холбоотон бөгөөд газрын тос үйлдвэрлэгч томоохон орон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүг сонгожээ   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй