Францын олон улсын агаарын тээврийн үзэсгэлэн Ле Буржегийн нисэх онгоцны буудалд нээлтээ хийлээ. Европт төдийгүй дэлхийд томоохон бас хамгийн эртний гэж хэлж болох үзэсгэлэнд тооцогдог Ле Буржегийн олон улсын агаарын тээврийн үзэсгэлэн нь анх 1965 онд зохион байгуулагдаж эхэлснээс хойш энэ жил 52 дахь удаагаа болж байна.

Үзэсгэлэнд цэргийн болоод сансрын техник хэрэгсэл, шинэ технологийг танилцуулж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 47 орны нисэх онгоц үйлдвэрлэгч, 100 гаруй компани 2370 үзмэрийг олон нийтэд дэлгэсэн байна. 52 дахь удаагийн уг агаарын тээврийн үзэсгэлэнд дэлхийн хамгийн том онгоц үйлдвэрлэгч байгууллагууд өөрийн шинэ үеийн хөлөг болоод ирээдүйд үйлдвэрлэхээр зорьж байгаа бүтээлүүдээ дэлгэн харуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа агаарын тээврийн хөлөг дундаас дэлхийн хамгийн том хөлөг онгоцонд тооцогддог Арабын нэгдсэн Эмирт улсын иргэний агаарын тээврийн "Эмиратс" компанийн үйлдвэрлэсэн "Эйрбус А380" онгоцны дараагийн шинэ загвар болох "Эйрбус А380" плас загвараа танилцууллаа.
Уг төслийн маркетинг хариуцсан ахлах Франкийн ярьж байгаагаар бол шинэ загварын онгоцны ашиглалтын үзүүлэлтийг сайжруулснаас гадна олон шинэчлэлтийг хийж өгсөн байна. Тухайлбал, зорчигчдын суудлыг 80-аар нэмэгдүүлсэн буюу нийтдээ уг онгоцонд 933 зорчигч зорчих боломжтой юм. Үүнээс гадна онгоцны урт өмнөх загвараас 7 метр урт болсон байна.
"Эйрбус А380" плас загварыг энэ оны сүүлчээр хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 1600 гаруй цагийн туршилтын нислэг үйлдээд байна. Уг онгоцыг "Катар Эйрвэйс", "Иран Эйр" зэрэг хэд хэдэн авиа компани урьдчилсан захиалжээ. Нийтдээ 200 ширхэг ийм төрлийн онгоцны захиалга аваад байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс 350 гаруй мянган үзэгч энэ удаагийн үзэсгэлэнг ирж сонирхоно гэж тооцоолжээ.
| Франц улсад олон улсын агаарын тээврийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.