Итали улсад хэт халалт болж байгаатай холбогдуулан 9 хотод аюулын түвшин зарласан байна. Мөн хуурайшилттай байгаа газруудын аюулын түвшин гуравдугаар зэрэгт хүрчээ. Италийн цаг уурын газраас өгсөн мэдээллээс үзэхэд ирэх амралтын өдрүүдэд агаарын температур +40 хэм давж халах юм байна.
Итали улсад хэт их халж байгаатай холбогдуулан Италийн Эрүүл мэндийн яам тус улсын хойд болон зүүн хэсэгт орших 9 томоохон хотод аюулын түвшнийг зарлаад байна. Өнөөдрийн байдлаар Италийн Болонья, Больцано, Брешия, Перужа болон Турин зэрэг хотод агаарын температур хэт өснө гэж онцолсон байна.
Харин маргааш Анкон, Кампобассо, Флоренц болон Пескар зэрэг хотод агаарын хэм өснө гэж Италийн Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхэд, өндөр настан гэлтгүй бүхий л насныханд наранд цохиулахаас урьдчилан сэргийлэх, нарны малгай өмсөж, нарны хортой туяанаас хамгаалах хэрэгсэл биедээ авч явахыг онцгойлон анхааруулсан байна.
Хэт халалтаас болж Италийн зарим газруудад ган гачиг нүүрлэжээ. Мөн улсдаа томоохонд тооцогддог усны нөөц хуримтлуулдаг сангийн усны хэмжээ 13 см-аар багассан тухай холбогдох газраас мэдээлсэн байна. Үүний хажуугаар бусад усны нөөц бүхий усан сангуудын хэмжээ ч мэдэгдэхүйц багассан талаар онцолжээ. Италийн хөдөө аж ахуйн салбарын "Колдирэтти" фермерийн холбооноос өгсөн мэдээллээр хэт халалтаас болж газар тариалангийн салбар багагүй хохиролтой тулгарч байна. Үүнтэй холбогдуулан Ром хотын дарга Виржиния Ражи ирэх есдүгээр сар хүртэл цэвэр усаа гамнах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Тус зарлигт хэт халалтыг намжтал иргэдийг цэцэрлэгт гудамжуудаа услахгүй байх, машин тэргээ угаахгүй байх болон их хэмжээний ус зарцуулдаг усан сан ашиглахыг хязгаарлах тухай заасан юм байна.
| Хэт халж байгаатай холбогдуулан 9 хотод аюулын түвшин зарлажээ | ||
| Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.