Шууд Chart

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр нээлтээ хийлээ

2017-06-27 10:20:37

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг өнгөрсөн нэгдүгээр сарны 1-ээс өрнүүлж эхэлсэн.

Аяны хүрээнд  алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй.

Тодруулбал, “МДМ” ХХК сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахаар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд  эхний жишиг үйлдвэр ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Тус үйлдвэр нь  01 цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүний нөөцийг сургах тоног төхөөрөжмийг суурилуулах ажлууд давхар хийгдэж байна. Мөн төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч, малчдын орлого нэмэгдэх юм.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ-ын дарга Д.Совд "Орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, улмаар экспортыг нэмэгдүүлэх бодит шаардлага тулгараад байна. Эдгээр шаардлагад нийцүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, орон нутгийн бодит оролцоо чухал ач холбогдолтой.
Аяны хүрээнд орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 21 аймагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийг үе шаттай байгуулах их ажлын шанг татаж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд жишиг үйлдвэрийн нээлтийг өнөөдөр хийж байна” гэдгийг онцлов.

“Монгол драй милк” ХХК-ий захирал Э.Эрдэнэбилэг ”Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 2017-2025 он хүртэл найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ. Энэ онд 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Сүүг  хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах ач холбогдолтой” хэмээв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр нээлтээ хийлээ  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй